“Тавантолгой түлш” ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам(БОАЖЯ)-наас нийт 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр танилцууллаа.
Үүнээс
236.9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад
586.7 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааны зардалд зарцуулжээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үргэлжлүүлэн “БОАЖЯ-ны 67.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах, мидлинг тээвэр, барьцалдуулагч, шуудай, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх хүрээнд айл өрхүүдэд мэдрэгч, бортого худалдан авч суурилуулах хөрөнгө оруулалтад зарцуулсан байна.
Нийслэлийн төсвөөс сайжруулсан шахмал түлшний тээвэр борлуулалтын урамшуулал, түлшний хадгалалтын зардалд болон хяналт шалгалтын зардалд
2019 онд 14 тэрбум төгрөг
2020 онд 15.4 тэрбум төгрөг
2021 онд 26.9 тэрбум төгрөг
2022 онд 28.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан” гэв.
Цаашид “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт өргөтгөл шинэчлэл хийж, хоёр шугамынх нь хүчин чадлыг 50 тонн/цагт хүргэснээр нэг тонн шахмал түлшний өртөг 36,100 төгрөгөөр буурч, үйлдвэрлэлийн зардал 8.6 хувиар буурна. Энэхүү өргөтгөл хийгдсэнээр баруун бүсийн үйлдвэрийг үе шаттайгаар зогсоох юм байна.
Эдгээр мэдээллийг сонссоны дараа гишүүд асуулт асууж, хариулт авч эхлэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Улаанбаатарын утаатай холбоотой хоёр “үнэн” гарч ирсэн. Эрх баригчид 2020 оны сонгуулиар утааг яллаа гэсэн. Гэтэл бодит амьдрал дээр ялсан нөгөө утаа улам өтгөрч, иргэд хордон, угаартаж үхэж байна. Тэгэхээр яг аль нь үнэн бэ. Үүнд тодорхой мэдээлэл авахаар асуулга тавьсан ч хэт ерөнхий байлаа.
“Тавантолгой түлш” ХХК-ийн тайлан сонсоход нэг их наяд гаруй төгрөгийн алдагдал яригдаж байна. Энд алдагдсан боломжийн өртөг ч яригдана. Ийм их мөнгө үргүй зарцуулагдсан байна” гэлээ.
Б.Чойжилсүрэн: Утааг яллаа гэж яриагүй, 2020 оны үед утаа буурсан
Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Утааг яллаа гэж яриагүй, 2020 оны өмнө утаа буурсан. Багануурын түүхий нүүрс түлж байсан үеэс утаа буурсан нь үнэн. Тухайн үед үр дүн гарсан. Нэг их наяд гэдэг дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ хэмжээний мөнгө бол өнөөгийн ханшаар 5,000-6,000 өрхийг орон сууцанд оруулах мөнгө.
Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний 196,000 орчим хэрэглэгч байна. Нэг хэрэглэгчийн цаана хоёр айл дамнан хэрэглэдэг гэж үзвэл 220-230 мянган айл гэр хороололд бий. Тэгэхээр үүнээс 6,000-ыг орон сууцанд орууллаа гэж бодоход гэр хороололд 214 мянган яндан үлдэж, утааг бууруулахад дорвитой үр дүн гарахгүй тул сайжруулсан түлш үйлдвэрлэх шийдвэр гаргасан юм билээ.
Богино хугацаандаа түлшээ сайжруулаад, дунд, урт хугацаандаа бүх айлыг орон сууцанд оруулах, чадвал гаазжуулах байдлаар утааг бүрэн ялах байх” гэж хариуллаа.