Олон улсын снукэр биллиардын холбооны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Катарын нийслэл Доха хотод энэ сарын 5-24-нд зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээн нь өнөөдөр буюу сүүлийн өдрөө эмэгтэйчүүдийн зургаан улаан бөмбөгтэй болон эрэгтэйчүүдийн багийн төрлөөр үргэлжилж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн зургаан улаан бөмбөгтэй төрөлд манай улсын тамирчин Б.Нарантуяа Хонконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг хожиж В хэсгийн нэгдүгээр байрт шалгарсан.
Улмаар шөвгийн 16-д Ираны тамирчин Мелика Нажафийг 3:0 онооны харьцаатайгаар буулган авсан байна. Харин шөвгийн наймд Германы тамирчин Диана Стейтчнийг 4:2-оор хожсоноор хүрэл медалийн болзол хангасан юм. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Анупама Рамачандрантай тоглоно.
Снукер биллиардын эмэгтэйчүүдийн зургаан улаан бөмбөгтэй төрөлд ДАШТ-ээс анхны медалийн болзол хангасан Б.Нарантуяа нь өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.