Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас төлөвлөгөө гаргажээ.
Жуулчдыг татахын тулд агаарын тээврийн МИАТ компанийн нислэгийн дундаж үнийн 25-40 хувийн хөнгөлөлтийг хадгалж, тур операторуудтай хамтран өвлийн аяллуудыг шуурхай төлөвлөхөөр тусгасан байна.
Зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрууд өвлийн улиралд төлбөрөө 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэжээ.
Төлөвлөгөөнд тусгагдсан уралдаан, тэмцээн:
- Иргэд, олон нийтийн өвлийн амралттай уялдуулж дотоодын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд амрах, аялах нөхцөл боломжийг бүрдүүлж, өвлийн спортын уралдаан, тэмцээнийг тогтмол зохион байгуулна. Энэ хүрээнд хил орчмын аялал жуулчлалын маршрутыг гаргана.
- Авто аяллууд, мөсний шагай, сурын харваа зэрэг үндэсний болон спортын бусад төрлүүдийн тэмцээн, уралдаан, “Мөнгөлөг шагшуурга”, “Хөх сувд” мөсний баяр, Бүргэдийн баяр, Түмэн тэмээний баяр, тэмээн поло, Цааны баяр, Нүүдэлчдийн өвөл-Цагаан сар зэрэг үндэсний эвентүүдийг зохион байгуулахаар аялал жуулчлалын хөтөлбөрт тусгасан байна.
Эдгээр ажлыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төрийн холбогдох байгууллагын удирдлагуудад даалгажээ.