Б.Энхбаяр: Н.Удаанжаргалын арван жилийн ангийн хүүхдийн компани ажил авдаг нь авлига албан тушаалын шинжтэй үйлдэл биш үү

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр оролцсон аж ахуйн нэгжүүдийн нэгдмэл ашиг сонирхлын байдлыг нүүрсний асуудлаарх сонсголын үеэр Шинжээч танилцуулсан.

Үүнтэй холбогдуулан төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Баясгалангаас Хянан шалгах түр хорооны гишүүд тайлбар авав.

УИХ-ын гишүүн Б.Ганбат: Та ямар нэгэн албан тушаалтанд үйлчилгээ, мөнгө төгрөг өгсөн зүйл байна уу?

“Бодь интернешнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Засгийн газрыг төлөөлсөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалагчийн үндсэн үүрэг дотор ТЭЗҮ батлах, хянуулах, холболтын төмөр замын тохиргоо хийх, байгаль орчны үнэлгээ хийх нь манай компанийн ажил биш. Бид захиалагчийн өгсөн даалгаврыг биелүүлж байгаа ерөнхий гүйцэтгэгч.

Бид нарт 2013 оны маш шахуу төсвөөр энэ ажлыг хийж гүйцэтгэх хатуу даалгавар ирсэн. Санхүүжилтээ цувуулж авах үндсэн тохиргоотой. 16 орны 700 гаруй компани манай туслан гүйцэтгэгчээр орсон. Би үүнд нэг зүйлийг хариуцлагатай хэлмээр байна. Манайх энэ ажлыг гүйцэтгэж байхад ямар ч улс төрч, сайд дарга нар, аль ч намаас чи энэ ажлаа өгчих гэж хэлж байгаагүй. Харин цар тахлын үеэр бид энэ ажлыг дуусгахад хүмүүс үнэхээр санаанаасаа дэмжиж байсан. Энэ бол эх орны даалгавар хэмээн хүлээж авч дуусгасан.

Тиймээс бид хэн нэгэнд авлига хахууль өгөх, шаардлага огт гараагүй. Надаас нэхсэн ч хүн байхгүй. Ажил гуйсан ч хүн байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Таны ажлын төслийн туслан гүйцэтгэгч дотор Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, УИХ-ын гишүүн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нарийн бичгийн даргын хамаарал бүхий зэрэг компани, мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын арван жилийн ангийн хүүхдийн компани ажил авдаг нь авлига албан тушаалын шинжтэй үйлдэл биш үү. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

“Бодь интернешнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Манай төсөлд 700 компанийн 15,000 хүн ажилласан. Нийт гэрээний дүнг мэдэхгүй. УИХ-ын гишүүд биднээс илүү их мэдээлэлтэй гэдэгт эргэлзэхгүй байгаа. Гэхдээ тэр их мэдээллээ зөв боловсруулаад зөв дүгнэлт гаргаж байгаа гэдэгт эргэлзэж байна. Энэ жагсаалтад байгаа хүмүүсээс өөрсдөөс нь асуусан дээр байх л даа. Та нар яагаад энэ ажлыг авсан, ямар учиртай гээд.

Бид ажлыг гэрээний үнийн дүнд багтаагаад цаг хугацаанд нь чанартай, туршлагатай гүйцэтгэлтэй компаниудыг шалгаруулах ёстой. Үүнээс биш компанийн эздэд нь ямар ажил хийдэг, хэнтэй холбоотой, ямар үзэл бодолтой талаар гэдгийг шалгаад явж байх бололцоо байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг гаргасан байна. Би Б.Баттөмөр гуайг танихгүй. Бодвол тендертэй оролцоод хамгийн сайн үнийн санал оруулаад шалгарсан байх. Гэхдээ манайх бүх туслан гүйцэтгэгчээ сайн компани сонгон шалгаруулаад ажлаа мундаг хийсэн гэсэн үг биш. Бид алдаа гаргаж байсан. Энэ бүхэн манай компанийн хариуцлага. Бид энэ тухай хэзээ ч гомдол тавьж явж байгаагүй. Энэ бол бидний хүлээсэн үүрэг гэж хариулъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *