2024 онд болох сонгуулиуд дэлхийн тогтвортой байдлыг ганхуулна хэмээн CNN агентлагийн тоймч Дэвид Анделман үзэж байна. Учир нь сонгууль болох орнуудад нийт дөрвөн тэрбум гаруй хүн амьдарч байна. Тэд өөрсдийн сонголтоор дэлхийн тогтсон дүр төрхийг өөрчлөх боломжтой.
Энэ онд Бангладеш, Энэтхэг, Орос, Европын Холбоо, АНУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Индонез, Пакистан, Мексик зэрэг улсад сонгууль болно. Монголд ч мөн Парламентын гишүүдээ сонгоно.
Индонез улсад л гэхэд сонгуулиар 200 сая гаруй сонгогч саналаа өгнө. Дэвид Анделманы үзэж буйгаар, дэлхий дахинд ардчилалд урам нь хугарах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд хэт барууны үзэлтэй нам, улстөрчдийн нэр хүнд өсөх төлөвтэй байна.
Тайванийн сонгууль Бээжин, Тайбэйн хоорондын хурцадмал байдлыг гүнзгийлүүлж болзошгүй. Улмаар Бээжин, Вашингтоны харилцаанд сөргөөр нөлөөлөх талтай. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн гол нэр дэвшигч нь Владимир Путин. Тэрбээр дахин сонгогдсоноор ирэх жилүүдэд дэлхийн хүчний хуваарилалтад ихээхэн нөлөөх нь дамжиггүй. Энэтхэгт одоогийн Ерөнхий сайд Нарендра Моди дахин сонгогдох магадлал өндөр байна.
Европ “барууны” чиглэлд шилжих хүлээлт их байна. Барууны үзэл баримтлал, барууны хүчнийхэн ихээхэн нэр хүндтэй байгаа ба Европын парламентад барууны үзэлтэй консерватор, шинэчлэгчид гурав дахь том бүлэг болон гарч ирэх магадлалтай байна. Тэд Украинд тусламж үзүүлэх, Оросын эсрэг хориг тавих, цагаачлалыг хязгаарлах, уур амьсгалын өөрчлөлтийг хянах арга хэмжээг цуцлах, ЕХ даяар хуулийг дээдлэх, Хятадын талаар баримталж буй бодлогыг өөрчлөх зэрэг асуудлыг тавина.
АНУ-ын сонгуульд Доналд Трамп ялбал АНУ болон дэлхий дахинд ардчиллын үндэс суурийг ганхуулж болзошгүй. Түүний ялалт НАТО болон АНУ-ын бодлогод хүчтэй нөлөөлнө. Тиймээс сонгогчид ирэх онд дэлхийн дүр төрхийг тодорхойлно хэмээн Дэвид Анделман онцолжээ.