Ц.Чинзориг: Жолооч шалгуулахаас зайлсхийвэл цуснаас дээж авч, шинжээч томилон согтуу эсэхийг тогтоолгоно

Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулиа төлөөгүй болон согтуугаар машин жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн болон Зөрчлийн хуульд өөрчлөн оруулсан болохыг өнөөдөр танилцууллаа. Мэдээллийн дараа албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

“Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд төлөгдөөгүй байгаа торгууль улсын хэмжээнд 90 гаруй тэрбумд, 50-аас дээш удаагийн зөрчил гаргасан 3,000 гаруй иргэний төлөөгүй торгууль дөрвөн тэрбум төгрөгт хүрчээ.

Сүүлийн таван жилд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 111 хүн амиа алдсан байна.

Тиймээс торгуулиа төлөөгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлага үүссэн. Торгуулиа төлөөгүй бол эд хөрөнгөөс албадан гаргуулдаг, цалингаас нь хасуулдаг, жолоочийн эрхийг хасдаг, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх төрлүүд бусад улсын Эрүүгийн хуульд байдаг” болохыг Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.

Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзориг “2016 онд ЭМС-ын сайдын хамтарсан журмаар хүний амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль, цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш байвал согтуу хүн гэж үзнэ хэмээн баталсан. Хуульд уг хэмжээг оруулсан байгаа.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Стандарт Хэмжилзүйн Газраас баталгаажсан багажаар/драйгер/ шалгахад 0.20 промилээс дээш гарвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гэж үзнэ.

Тухайн жолооч нь цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй, шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд цуснаас шинжилгээ авч, шинжээч томилон согтуу эсэхийг тогтоолгоно” хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *