“ШИНЭ ХӨДӨӨ”-ГИЙН АВТОР

Дэлхийн нийтээр тархсан корона цар тахал түүний ар дээр гарч буй дайн байлдаан, улс орнуудын эдийн засгийн чадавхыг шалгалаа.

Дэлхий нийт глобалчлагдлаа гэж ярьдаг байсан улс орнууд хилээ хааж, худалдаа наймаагаа зогсоож урьд өмнө хэзээ ч бодож байгаагүй “Амь амиа бодоорой” гэсэн бодлогыг барьж эхлэв. Ийм хүнд хэцүү үед дэлхийн томоохон улсууд бусдад түгээдэг тусламжаа багасгаж улс гүрэн зөвхөн өөрсдийн дотоодын үйлдвэрлэлдээ анхаарч эхэлсэн юм. Үүнийг монголчууд бид тойрсонгүй. Урд хойд хил хаагдаж өндөг, нарийн ногоо гэх мэт өргөн хэрэглээний хүнсний бараа тасалдаж бид яах билээ гэж нэгийг бодогдуулж эхэлсэн. Ийм тохиолдолд бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого барихаас өөр аргагүй. Наанадаж хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо бүрэн хангадаг болох хэрэгтэй. Монголчуудын хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ чанартай боловсруулж дотооддоо бүрэн хангах цаашлаад олон улсын зах зээлд мах, сүү, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ гаргах боломж бий. Цар тахлын “буянаар” бид ядаж үүнийгээ ойлгож эхэлсэн нь бидний нэг амжилт гэж байх.

 

Хүнс болон хөнгөн үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд бид эхлээд хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх ёстой. Малчид тариаланчдын уламжлалт аргад суурилсан хөдөө аж ахуйгаа хэрхэн хөгжүүлэх вэ. Хөгжүүлнэ гэж бид олон жил онол ярилаа. Хөдөө аж ахуйнхан малчид тариаланчдад  онол биш шууд дэмжлэг хэрэгтэй. Энэ тухай 2017 оноос УИХ-ын гишүүн, Булганы тодотголтой Ж.Бат-Эрдэнэ ярьж яваа харагддаг.

Ж.Бат-Эрдэнэ “ШИНЭ ХӨДӨӨ” төслийг амжилттай эхлүүлж, хөдөөгийн иргэд рүүгээ чиглэсэн техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх том санаачилгын анхны шанг татсан.

Ингэхдээ тэр төслөө зүгээр ч нэг эхлүүлсэнгүй. Булган, Төв, Сэлэнгэ, Дархан, Хөвсгөл, Увс, Ховд, Хэнтий аймаг болон нийслэлийн БЗД, СХД-т ажиллаж, иргэд, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн дунд судалгаа явуулж, тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад “ШИНЭ ХӨДӨӨ” төслөө холбогдох тооцоо судалгаа бүхий ТЭЗҮ-тэй хамт өргөн барьж байв.

Удалгүй “ШИНЭ ХӨДӨӨ–БУЛГАН ХӨТӨЛБӨР” улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Булган аймагт хэрэгжиж, мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийгдэж эхэлсэн. Төслийн тэргүүлэх зорилго нь ажлын байр бий болгох, хөдөө, орон нутгийн эдийн засгийг сэргээж, хүний амьдралын чанарыг сайжруулах хөдөөнөөс хотыг чиглэсэн шилжих хөдөлгөөнийг бууруулах давхар давхар бодлоготой хэрэгжиж эхэлсэн байдаг. Шинэ хөдөө төслийн гол зорилго нь худалдан авах чадвар сул хөдөөгийн иргэдэд шаардлагатай тоног төхөарөмж, трактор хадлангийн тоног төхөөрөмж, сайн чанарын эцэг мал, хүлэмж, зөгий гэх мэт зүйлийг түрээсээр олгож тэдний бүтээмжийг сайжруулах орлогыг нэмэгдүүлэх амьдралыг сайжруулахад оршино.

Монгол Улсын хүн амын 1/3 нь малчин болон мал бүхий иргэд эзэлдэг. Энэ төсөл богино хугацаанд дэлхийд өрсөлдөх брэндийг төрүүлдэггүй юм гэхэд улс орны тэргүүлэх онц чухал салбар газар тариалан, мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулж, бусад аймагт сайн жишиг тогтоох зорилго агуулж байсан юм.

“ШИНЭ ХӨДӨӨ” өнөөдөр өргөжин тэлж, хэдийнээ орон даяар давлагаа үүсгэжээ. Булганаас эхэлсэн төслийн загвар эерэг үр дүн дагуулж, одоогийн байдлаар 16 аймаг, нийслэлийн нэг дүүрэг төслийгамжилттай хэрэгжүүлж байна. Хөдөө аж ахуйн эдийн засагтай Монгол Улсад “ШИНЭ ХӨДӨӨ” төсөл үр ашгаа өгөх юм байна, асар их ирээдүйтэй, цааш үргэлжлүүлэх төсөл мөн гэдгийг өдгөө төрийн бодлогын хэмжээнд ч хүлээн зөвшөөрдөг болж.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо”-г байгуулан, “МӨНХ-Шинэ хөдөөгийн сэргэлт” хөтөлбөр боловсруулж, малчдад хөдөлмөрөөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран нэгдэх, хамтын хөдөлмөр эрхэлж мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртдэг системд шилжүүлэх санаачилгыг гарган түүчээлж эхэллээ. МӨНХ “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” ч хэд хэдэн аймагт байгуулагдаж, ирээдүйн хөгжлөө тодорхойллоо.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, малчид, үйлдвэрлэгчид гэсэн гурвалсан холбоо нь Малчин өрхүүдийн нэгдсэн холбооны цөм болох бөгөөд байгаль орчиндоо, малчдадаа ээлтэй, өндөр ашиг шимтэй мал аж ахуйг хөгжүүлэх зорилго тавьж буй юм. Эндээс харахад, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилсан “ШИНЭ ХӨДӨӨ” төсөл яах аргагүй “МӨНХ-Шинэ хөдөөгийн сэргэлт” санаачилгын анхдагч болж өгчээ.

Өнөөдөр Булган аймгийн хэмжээнд 300 га орчим талбайд чацаргана тариалж, иргэд хоршоо нөхөрлөл болон нэгдэж ажиллаж байна.

Эдгээр хоршоо, нөхөрлөлийг улс, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар чацарганын суулгац, хашаа, худаг, усжуулалтын системийг урт хугацаанд хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгуулж чадсан нь Булганы иргэдийн орлого нэмэгдэх, “ШИНЭ ХӨДӨӨ” төсөл амжилттай хэрэгжих гол хүчин зүйл болж байгаагнутгийн иргэд онцлон хэлэлцдэг болоод удав.

“Булганчууд бид чацарганынхаа талбайгаас энэ жил эхнийхээ ургацыг амжилттай хурааж байгаа нь нутгийн гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилсан “ШИНЭ ХӨДӨӨ” төслийн буян шүү” хэмээн нутгийн иргэд ярих нь цаг үеэ мэдэрсэн, нүдээ олсон төслийг санаачлан эхлүүлжээ гэж бодоход өөрийн эрхгүй хүргэнэ. Алдаа, оноотой ч анхны шанг нь татаж эхлүүлсэн нь түүний амжилт.

“ШИНЭ ХӨДӨӨ” төслийн хүрээнд малын үүлдэр, угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор өндөр ашиг шим бүхий герефорд болон Сэлэнгэ үүлдрийн улаан халзан бух, баяд, дархад үүлдрийн хуц, эрчмийн хар ухна зэргийг нийлүүлж, Булган аймгийн сум, багуудад дундын үржлийн нэгж байгуулан ажиллуулж байгаа нь малчдаа дэмжсэн бодит дэмжлэг болж чадсан. Үүгээр ч зогсохгүй төмс, хүнсний ногоо, хадлан, тэжээлийн ургамал тарьж буй тариаланчид, малчдыг дэмжих зорилгоор дунд оврын трактор, түүнийг дагалдах иж бүрэн агрегатыг хамт нийлүүлж, хөдөө аж ахуйд ажиллагсдын хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмжийг дээшлүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлж байгаа нь “инженер хүний бурхан ухаан юм даа” хэмээн Булганчууд ам сайтай байна.

Дөнгөж “ШИНЭ ХӨДӨӨ” төслийг эхлүүлж байхад нь түүнээс би ингэж асууж байснаа санадаг юм. “Шинэ хөдөө төсөл хэрэгжихэд хэцүү дээ. Манайхан шиг нийлж нэгдэж сураагүй улс, хоршоо, нөхөрлөл байгуулаад ажиллана гэдэг хэцүү шүү” гэхэд, тэрбээр “Газрын баялаг бол шавхагддаг, дуусдаг баялаг. Газар дээрх баялаг бол /мал аж ахуйг хэлж байна гэж ойлгосон/ дуусдаггүй, дундардаггүй баялаг. Дөрвөн цагийн эргэлтэд гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа малчдынхаа орлогыг жаахан ч гэсэн нэмэгдүүлье гэж л зорьж яваа юм. Мянга сонсохоор нэг үз гэдэг биз. “ШИНЭ ХӨДӨӨ” төслийнхөө ард гарчихаад, танд нэг үзүүлнэ ээ” гэж билээ. Одоо эргээд харахад Ж.Бат-Эрдэнэ хэлсэндээ хүрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *