АТГ-ын мөрдөгчид “Ногоон автобус”-ны хэргийг шалгаж, яллагдагчдад хэргийн материалыг танилцуулж эхэлсэн ч БНСУ-ын хууль хяналтын байгууллагаас АТГ-т нэмэлт материал ирүүлсэн талаар ISEE сайт мэдээлжээ. Хэргийн мөрдөн байцаалтад шаардлагатай материалыг ирүүлэх хүсэлтийг АТГ өмнө нь БНСУ-ын прокурорын байгууллагад гаргасан тул энэ дагуу тус улсаас “Daewoo” компанитай холбоотой баримтыг Монголын талд ирүүлсэн сурагтай.
Ногоон автобусны хэрэгт холбоотойгоор Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч асан, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар зэрэг хүмүүст Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.