Исланд: Галт уул дэлбэрч, хотын байшингууд шатав

Исланд улсын баруун өмнөд хэсэгт ням гаргийн өглөө галт уул дэлбэрч, лаавын урсгал ойролцоох загасчдын хотод хүрсэн байна. Үүний улмаас хэд хэдэн байшин шатжээ. Мэргэжилтний хэлснээр энэ удаагийн дэлбэрэлт хамгийн ноцтойд тооцогдож байгаа бөгөөд Гриндавик хотын бүх оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн аж.

Өнгөрсөн сард мөн галт уул дэлбэрсэн бөгөөд лаавыг хот руу урсахаас сэргийлж чулуун хамгаалалт үүсгэсэн ч халуун лаав хамгаалалтыг сэтлэн хот руу урсжээ. Улмаар хот руу нэвтрэх гол зам хаагдсан байна. Өмнөх дэлбэрэлтийн үеэр мөн 4000 орчим иргэнийг хотоос нүүлгэн шилжүүлж, нөхцөл байдал дээрдсэний дараа зарим оршин суугчийг хот руу буцаасан ч ийн дахин нүүх шаардлагатай болжээ.

Галт уул судлаач Робин Эндрюсын лаав хот руу урссан нь маш аюултай нөхцөл байдал үүсгэж байгаа гэв. Тодруулбал галт уулын идэвхжил нь арьс, нүд, хамар, хоолойг цочроодог хүхрийн давхар исэл зэрэг хорт хий ялгаруулдаг тул дэлбэрэлтийн дараах үр дагавар нь амьсгалын замын өвчлөлтэй хүмүүсийн хувьд ноцтой асуудал болж болзошгүйг анхааруулав. Исландын Засгийн газар даваа гарагт хуралдаж, нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдыг орон сууцжуулах арга хэмжээний талаар хэлэлцэх аж. Одоогоор Исландад хамгийн өндөр түвшний онцгой байдал зарлаад байгаа юм. Энэ удаагийн галт уулын дэлбэрэлт нь 2021 оноос хойш Рейкянесын хойгт болсон тав дахь удаагийн дэлбэрэлт юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *