“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.
Тогтоолын төслийн 1.1 дэх заалтыг “төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн байршуулах талаарх бодлогыг боловсруулах” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн төслийн 1.2 дахь заалт дахь “шаардлагатай бол” гэснийг хасах санал олонхын дэмжлэг авсан бөгөөд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Нанзаддоржийг томилохыг дэмжлээ
Дараа нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Нанзаддоржтой хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулсан бөгөөд сонсголыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл даргалан явуулсан. /Сонсголын талаар эндээс уншина уу/
Тус сонсголын тайланг УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Д.Сарангэрэл танилцуулаад, сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигч Н.Нанзаддоржийн ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн гэв.
Тайлантай холбогдуулан сонсгол даргалагч болон нэр дэвшигчээс асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Д.Жавзандоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, Н.Нанзаддоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, УИХ-ын тогтоолыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжив
Мөн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлсэн Б.Пүрэвдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлсэн Л.Цэдэвсүрэн нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж Байнгын хороонд ирүүлсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нартай хийсэн нэр дэвшигчийн сонсголыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулсан бөгөөд сонсголыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг даргалан явуулсан. /Сонсголын талаар эндээс уншина уу/. Сонсголын тайланг УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ц.Мөнхцэцэг танилцуулаад, нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигч Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарын ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн гэлээ.
Тайлантай холбогдуулан сонсгол даргалагч болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчдэд хандан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэг ажлаас чөлөөлж, Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг дэмжин, УИХ-ын тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.
“УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо намын бүлэг, Байнгын хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлах зохицуулалтын дагуу Байнгын хороодоос 39, Монгол Улсын Засгийн газраас 50, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 24, Ардчилсан намын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн гэлээ.
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоол, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоол, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоол, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тусгасан хууль тогтоомжийн төслүүд болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримтлан хэлэлцэх асуудлын жагсаалтад 44 хууль, тогтоолын төслийг тусгасан байна.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлбэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр; “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд тусгагдсан хууль тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар зохицуулжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ
Байнгын хороо үргэлжлүүлэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Н.Ганибал нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 31.1 дэх хэсэгт Үндсэн хуулийн дээрх заалтын биелэлтийг хангахтай холбоотой тодорхой заасан хэмээгээд хуулийн заалтуудыг үндэслэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал болох 2023 онд нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилтэй, хуулийг буруу хэрэглэж худалдан авах ажиллагаа зохион байгуулсан асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг санаачлах шаардлага үүссэн хэмээлээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар “Тэнүүн-Огоо” ХХК-тай гэрээ байгуулан худалдан авсан зорчигч тээврийн автобусыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөөгүй нь хуулийн зөрчил болсон гэж хэлэх үндэслэлтэй. Төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байгаа байдал цар тахлын үеэс газар аван өнөөдрийг хүртэл үргэлжилж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар үр ашиггүй зарцуулж байгаа байдалд хяналт тавих нь зүйтэй гэж үзэн УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсэг нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн эсэх, худалдан авах ажиллагааны явцад авлига албан тушаалын болон төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэм буруутай үйлдлүүд байгаа эсэхийг тодруулж, худалдан авалттай холбоотой нотлох баримтыг цуглуулах, шинжлэн судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулан ажиллах нь үр нөлөөтэй гэж үзэж УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан гэлээ.
Хуралдаан даргалагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумьяабазар иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс нийтийн тээврийн худалдан авах ажиллагаатай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулахыг хүссэн албан бичиг ирүүлснийг дурдаад, тогтоолын төслийг уншиж танилцуулсан.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд хийсэн автобус худалдан авах ажиллагааг Төрийн болон албаны нууцад хамааруулан гэрээ шууд байгуулсан үндэслэл, шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай эсэх; Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэх; нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах хэмээн тогтоохоор тусгасан байна.
Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог олонхыг төлөөлсөн УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлсөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, тусгай шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг хянан шалгах түр хороонд даалгахаар тусгасан байна.
Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа
Төрийн байгуулалтын байнгын хороо энэ өдрийн хуралдаанаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав. Байнгын хорооны 2022 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн тул ажлын хэсгийн ахлагчаар Г.Ганболдыг томилов.
Мөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлантай танилцаж, шаардлагатай бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулан байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.