УИХ-ын дарга Г.Занданшатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.02.08) Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад өрнөсөн ардчилал, шилжилтийн үеийн сорилтуудыг давах, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулах үйл хэрэгт Герман мэргэжилтнүүд, ХБНГУ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч өргөжиж буйд Монголын ард түмэн баяртай байна гэв.

Дэлхий нийтээр тулгараад байгаа геополитикийн амаргүй цаг үед Монгол Улсад төрийн айлчлал хийж буй нь түүхэн ач холбогдолтойг тодотгоод энэ хүрээнд хоёр улсын өнгөрсөн 50 жилийн харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгаж, ирэх 50 жилийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргасныг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцоллоо.

Манай улсын гуравдагч хөрш болох ХБНГУ нь Европын орнуудаас Стратегийн түншлэл байгуулсан анхны улс болж байгаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, харилцан итгэлцлийг илтгэж буй хэрэг гэдгийг тэмдэглэв.

Мөн ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан эрх зүйт төрөө эмхлэн байгуулахаар зүтгэсэн Монголчуудын 30 гаруй жилийн хүчин чармайлтыг Германы төр, засгаас анхнаас нь тууштай дэмжиж, хөгжлийн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэ дэмжлэгээ үргэлжлүүлж, шүүх байгууллагын шилжилтийн үйл явц, салбарын албан хаагчдын болон техникийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болсонд талархалтай байгаагаа илэрхийлэв.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр найрсаг дотноор угтан авч буй Монголын ард түмний халуун дулаан сэтгэлд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд Элчин сайд нарын хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.

Айлчлалын хүрээнд хэлэлцэн тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа талууд илэрхийлээд Монгол, Германы харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэг болон бусад салбарт тасралтгүй өргөжиж байгааг онцлов. Мөн цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх хүрээнд талууд ашиглаагүй үлдсэн олон боломжууд байгаа гэдэгт санал нэгтэй байна гэв.

Газар зүйн хувьд хоёр улс хол байрладаг хэдий ч иргэд хоорондын харилцааны ойр дотно халуун дулаан байдал үүнийг товчилж байгааг онцлон тэмдэглээд энэ нь цаашдын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн бат бэх суурь болохыг хэллээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлтад талууд хувь нэмрээ оруулах талаар ярилцав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын улс төрийн манлайлал, тэр дундаа парламент дахь найрамдлын бүлэг хоорондын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Иймд ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн найрамдлын бүлгийг өргөжүүлж, шинээр Герман-Монголын парламентын найрамдлын бүлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Тэрбээр, 2024 он бол Монгол Улсын парламентын түүхэнд онцгой жил болохыг дурдсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, парламентын төлөөлөх чадавхыг нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан бөгөөд шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн квот нэмэгдэж байгаа гэв.

Түүнчлэн хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бий болгосон цахим платформын тухай, Олон Улсын Парламентын Холбооны дэмжлэгтэйгээр Монгол Улсын парламент 2023 оны 11 дүгээр сард Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг анх удаа зохион байгуулсан талаар тус тус мэдээлэл өгч энэ үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ч ХБНГУ-тай хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *