Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр болж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг Нийтийн тээврийн зарим асуудлаар дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Төлбөрөө бүрэн авдаг болж байж нийтийн тээврийн үйлчилгээг залгуулж байгаа компаниуд оршин тогтоно. Энэ үйл ажиллагааг нь 2014 онд зогсоож татаас өгнө, зорчигчоос авсан мөнгийг Улаанбаатар Смарт Карт компанид төвлөрүүл гэснээс хойш иргэд төлбөрөө төлөхөө больж нийтийн тээврийн салбарын орлого буурч эхэлсэн.
Орлого буурахын хэрээр нийслэлээс өгч байгаа татаас өсөж байгаа. Улаанбаатар Смарт Карт компанийн үйл ажиллагаа, зарим дата, программ хангамжийг нийслэлд шилжүүлж авах өр авлагын тооцоо нийлэх асуудал яригдаж байгаа.
Цаашдаа нийтийн тээврийн салбарыг алдагдалгүй ажиллуулж парк шинэчлэл хийн татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас олгохгүй байхын тулд нийтийн тээврээр зорчиж байгаа хүн бүр төлбөрөө төлдөг нөхцөлийг л бүрдүүлэх ёстой” гэв.
“Нийтийн тээврийг хөгжүүлэх санд орж ирсэн хөрөнгүүдийг зөв зарцуулахын тулд хяналттай болгож байгаа”
Үргэлжлүүлэн тэрбээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаар “Нийтийн тээврийг хөгжүүлэх сан бол шинэ зүйл биш анх Ардчилсан Нам буюу 2009 онд Зам, тээврийн сайд байсан хүн байгуулж байсан юм. Байгуулчхаад энэ сангийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих тухай асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй явж ирсэн. Иймд эргээд хяналттай болгож орж ирсэн хөрөнгүүдийг зөв зарцуулах гэж хяналттай болгож байгаа юм.
₮160 тэрбумаар 600 автобус авчихлаа. Энэ автобусны эргэн төлөлтөөс ₮28.5 тэрбумыг сандаа төвлөрүүлэх гэж байна. Санд орж ирээд хуримтлуулаад дараа дараагийн парк шинэчлэл, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцөө бэлтгэхэд зарцуулна.
Тээврийн компаниуд парк шинэчлэлээ хийж чадахгүй байгаа учраас төр худалдаж авч өгөөд бага багаар мөнгө авна гэсэн зарчмаар л нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилготой байгаа.
Уг сангийн үйл ажиллагаа бүгд ил тод нээлттэй тавигдана” гэв.