Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Мөн шар усны үерээс урьдчилан сэргийлж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахыг УБЗАА-нд даалгаж байна. Техникүүдийг ирэх хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, тодорхой хэмжээний газрыг хариуцуулж, мөс болон лаг хагшаасыг аваачих байршлуудыг зааж өгөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдтэй хоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахыг УБЗАА, шаардлагатай судалгааг гаргахыг ГУББГ-т даалгаж байна” гэлээ.
Дээрх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах юм. Мөн Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын хөрсний ус зайлуулах насосыг байгуулах зураг төсөв, тооцоог гаргаж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов. Түүнчлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бодлогын бичиг баримтад дөрвөн голын ай савыг усны тохируулгатай болох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС