Х.Нямбаатар:Шинэ автобуснуудыг хувийн хэвшилд түрээсээр олгосноор жилд 100 автобус авах мөнгийг төвлөрүүлж чадна

НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах болон шинээр батлах журам, тогтоолын төслүүдийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулав.

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журамд Нийслэлийн Засаг дарга сангийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахаар тусгажээ. Сангийн хөрөнгийг нийтийн тээврийн хүртээмж, чанарыг сайжруулахад зарцуулна. Мөн хөрөнгө нь нийслэлийн Төрийн сангийн тусгай дансанд байрших бөгөөд 10 хүртэл хувийг сургалт, эрдэм шинжилгээний ажилд зарцуулах юм. Сангийн зарцуулалт, үлдэгдлийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд хагас жил тутам танилцуулж, олон нийтэд мэдээлж, НИТХ-д тайлагнана. Түүнчлэн тус сангийн хөрөнгийг баталгаа гаргах, барьцаалах, хандивлах зэргээр зориулалт бусаар зарцуулахыг хатуу хориглосон байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Нийтийн тээврийн шинэчлэл бол урт хугацаанд хийх ажил. Зөвхөн автобус авснаар бүх асуудлыг шийдэх боломжгүй. Бид шинэ автобуснуудыг хувийн хэвшилд түрээсээр олгосноор жилд 100 автобус авах мөнгийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлж чадна. Автобусны хүрэлцээнээс гадна жолоочийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх тогтолцоо руу шилжинэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *