АТГ: УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийг прокурорт шилжүүлэв

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг нь өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Түүнийг 2022 оноос нүүрсний хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа талаар албаныхан мэдээлж байв.

Тэрбээр “Намайг Өмнөговь аймгийн Засаг даргаар 2017 онд ажиллаж байхад 70 сая төгрөгийн тендер зарлахад 60 саяар орсон. Өөр өрсөлдөгч байгаагүй учраас авчихсан юм билээ. Миний хувьд Засаг даргаар ажиллаж байсан учраас захирамж гаргах үүрэгтэй. Засаг даргын Тамгын газраас шалгаруулаад оруулж ирсэн. Миний хувьд АТГ-т ашиг сонирхлын эсрэг мэдүүлгээ зураад өгсөн. Ер нь бол Засаг дарга хийж байсан хүнээс энэ мэт жижиг сажиг юм олдох л юм билээ. Үүнд ашиг хонжоо хайгаад байсан зүйл байхгүй л дээ” гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Авлигатай тэмцэх газраас /2023.03.14/ нүүрсний хулгайн хэргээр мэдээлэл хийх үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “Нүүрсний хэргээр сүүлийн 10 гаруй жилийн хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас цаг хугацаа их шаардаж байна. Ажлын цар хүрээ өргөн байна. Гэхдээ ажлын хэсгийн мөрдөгчид хичээн ажиллаж байна. Мөрдөх шалгах ажиллагааны явцад шинээр хоёр гурван нөхцөл байдал тогтоогдож буй. Гашуунсухайт хилийн боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр хяналт хийж байна. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн серверийн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгаж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн.

Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж буй” гэдгийг онцолж байв.

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг /2022.12.13/ зарласан.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
  2. УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
  4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
  5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
  7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
  14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
  16. “Эрхэт Монгол”-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
  17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *