Хирошимад атомын бөмбөг дэлбэрэх үеэр хайлсан бугуйн цаг 31 мянган доллараар зарагджээ

1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр Японы Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрэх үеэр хайлсан бугуйн цаг өчигдөр АНУ-ын Бостон хотод болсон дуудлага худалдааны үеэр $31,113-ын үнэ хүрч зарагджээ.

Цагийн зүүнүүд яг бөмбөг дэлбэрсэн хугацааг буюу 8:15 зааж зогссон байна.

Дэлхийн Хоёрдугаар дайны дараа Японд алба хааж байсан Их Британийн армийн цэрэг Хирошима хотын нуранги дороос уг цагийг анх олж байжээ.

“Музейн үзмэр болохуйц энэ бүтээл нь дайны гай гамшгийг сануулаад зогсохгүй хүн төрөлхтөн үүнээс зайлсхийхийн тулд хичээх ёстойг харуулсан танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой түүхэн дурсгал болж байна. Жишээлбэл энэ бугуйн цаг түүх эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдсөн цаг мөчийг яг таг харуулж байгаа юм”

гэж дуудлага худалдааг зохион байгуулсан RR Auction компанийн гүйцэтгэх дэд захирал Бобби Ливингстон хэлсэн байна.

Цагийг худалдаж авсан хүн нэрээ нууцалжээ.

Энэ дуудлага худалдаагаар өөр хэд хэдэн түүхийн ховор дурсгал зарагдсан байна.

Тухайлбал Мао Зэдуны гарын үсэг бүхий “Улаан Ном” $250,000, АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны гарын үсэгтэй хоёрхон ширхэг үлдсэн банкны чекийн нэг $135,473, саран дээр хөл тавьсан Аполло хөлгийн сансрын нисгэгч Базз Олдрины бэлтгэл ажлын жагсаалтын хуудас $75,533-ын үнээр тус тус зарагджээ.

Эх сурвалж: Associated Press

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *