АТГ зөрчил гаргасан 14 албан тушаалтнаас тайлбар авчээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 509 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ.

Эдгээрээс 169 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн, одоо 340 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.

Мөн мэдүүлэг гаргах албан тушаалд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тус газраар хянуулахгүй томилох зөрчил гаргасан 14 албан тушаалтнаас тайлбар авчээ. Сонсох ажиллагаа явуулан, хоёр албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 59 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоон гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст таван материал шилжүүлжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж АТГ-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *