Японы засгийн газар ойрын жилүүдэд гадаадаас авах ажиллах хүчний тоог эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг уг асуудалтай ойр ажилладаг эх сурвалж өчигдөр мэдээлжээ. Тухайлбал ажиллах хүчний хомсдолоо нөхөхийн тулд ирэх таван жилийн хугацаанд 800,000 хүртэл мэргэжилтнийг гадаадаас авахаар төлөвлөсөн байна. Тус улсын эрх баригчид 2019 оны дөрөвдүгээр сард хүн хүчний хомсдолтой эдийн засгийн салбаруудад гадаадаас ажилчин авах шинэ хөтөлбөрийг анх удаа танилцуулж байжээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ шугамаар 345,150 ажилчин авсан байна. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сараас эхлэх шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд үүнийг хоёр гаруй дахинаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн оны сүүлийн байдлаар Тусгай Мэргэжлийн Ажилчин Дугаар 1 ангиллын оршин суух визээр 200,000 орчим хүн 12 салбарт ажиллаж байсныг албаны тоо баримт харуулж байна.
Энэ ангиллын виз нь таван жилийн хугацаатай юм. Харин гэр бүлээ Японд авчрах боломжтой хязгааргүй виз болох Дугаар 2-оор дөнгөж 29 хүн ажиллаж байжээ. Өмнөх хөтөлбөрт хамрагдсан салбарууд дээр энэ удаа дөрвөн шинэ салбар нэмэхээр төлөвлөж байгаа нь авто тээвэр, төмөр зам, ойн аж ахуй, мод боловсруулах салбар юм байна. Эдгээрээс авто тээврийн салбарт хамгийн олон ажилчин авах ажээ. Гадаадаас ажиллах хүч авах шинэ хөтөлбөрийг энэ сард багтаан баталж, ирэх сард эхлэх санхүүгийн шинэ жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөснийг эх сурвалж мэдээлсэн байна.