Өнгөрөгч онд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 167 хэрэг гарчээ

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.

ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам “Эрүүгийн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл өнгөрсөн онд нийт хянан шийдвэрлэсэн 13,977 хэргийн:

  • 42 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
  • 10 хувь нь хулгай
  • найман хувь нь автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн үзүүлэлттэй байна.

Эрүүгийн хэргийн хувьд 2022 онтой харьцуулахад дараах төрлийн гэмт хэргүүд буурчээ.

  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3.7 хувь
  • Хулгайн гэмт хэрэг 10.7 хувь
  • Залилах гэмт хэрэг 1.5 хувиар тус тус буурсан.

Дараах төрлийн гэмт хэргүүд өссөн үзүүлэлттэй байна.

  • Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих 0.9 хувиар
  • Кибер аюулгүй байдлын гэмт хэрэг 71.4 хувиар (2022 онд дөрвөн хэрэг хянан шийдвэрлэсэн бол 2023 онд 14 хэрэг хянан шийдвэрлэсэн буюу 10 хэргээр өссөн)
  • Хүчирхийлэх гэмт хэрэг 2022 онд 97 байсан бол 2023 онд 99 буюу хоёр хэргээр өсжээ.

Өнгөрсөн онд нийт 14,192 иргэн, 14 хуулийн этгээдэд ял шийтгэл оноосон байна. Үүнийг задалж авч үзвэл:

  • 52 хувь буюу 8,360 хүнийг торгох ял шийтгэл
  • 16 хувь нь хорих ял шийтгэл
  • 11 хувь нь зорчих эрхээ хязгаарлуулсан байна.

2023 онд гэмт хэргийн улмаас 20,674 хүн, 663 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хохирсон. 153.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 454 хүний амь нас, 8,425 хүний эрүүл мэнд хохирчээ.

Авлигын нийт 283 хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх байснаас 187 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүний 167 нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг байгаа”-г мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *