Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт /KSTAR/ 100 сая хэмийн халууныг 48 секундийн туршид хадгалснаар 2021 онд ийм халууныг 21 секунд барьж чадсан амжилтыг эвджээ. Энэ бол цэвэр эрчим хүчний хязгааргүй эх үүсвэрийг эзэмших урт замд хийсэн жижиг боловч гайхалтай алхам юм. KSTAR-ын эрдэмтэд плазмын шаталтын хугацааг өмнөхөөс уртасгахын тулд реакторын бүтээцийн зарим элементийг өөрчилжээ. Тодруулбал, реактороос ялгарах дулаан, үнсийг татаж авдаг токамакийн тусгай төхөөрөмжүүдийн /дивертер/ ажиллагааг сайжруулахын тулд нүүрстөрөгчийг вольфрамаар сольсон байна.
“Хэдийгээр энэ удаагийн туршилт нь шинэ вольфрамын дивертерүүдийг ашигласан анхны туршилт байсан боловч тоног төхөөрөмжийг сайтар шалгаж, бэлтгэснээр богино хугацаанд өмнөх амжилтыг эвдэх боломжийг бидэнд олголоо” гэж KSTAR-ын судалгааны газрын захирал Си-Ву Юн хэлжээ. KSTAR-ын эрдэмтэд 2026 он гэхэд халуун цөмийн реакторт 100 сая хэмийн халууныг 300 секундийн турш барих туршилтыг хийхээр төлөвлөж байна.