Багахангай, Багануур, Налайх дүүрэг цаашдаа нийслэлийн дагуул хот болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ. Өнөөдөр Улаанбаатар хотын бүртгэлтэй хүн амын тоо 1.7 саяд хүрсэн. Засаг захиргааны нэгж нь есөн дүүрэг, 204 хорооноос бүрдэж байна.

Бага тойруугийн 80 гаруй га талбайд төрийн захиргаа, их дээд сургууль, эмнэлгүүд төвлөрсөн нь түгжрэлийн гол шалтгаан болж байгаа. Энэ 86 га талбайд таван зүгээс өдөрт давхардсан тоогоор гурван сая зорчигч хөдөлгөөн хийж байна. Алслагдсан гэр хорооллын хороодын нутаг дэвсгэрт төр, эрүүл мэнд, соёлын үйлчилгээ харилцан адилгүй байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийх шалтгаан болж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэчлэх хуулийн төслийг боловсруулах үүрэг авсан. Багахангай, Багануур, Налайх дүүрэг цаашдаа нийслэлийн дагуул хот болох эрх зүйн орчныг бий болгоно.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хамтад нь өргөн мэдүүлнэ. Энэ хот олсон орлогынхоо 20 хувийг Төв аймагт төвлөрүүлж, 80 хувиараа өөрийгөө санхүүжүүлж тэлнэ. Энэ хотод 150 мянган хүн суурьшина гэж төлөвлөж байгаа.

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ дэд төв орчимд газар чөлөөлөх ажил хийгдэж байна. 2350 айлын газрыг чөлөөлөхөөс 1500 орчим айлтай нь уулзалт хийсэн. Уулзалт хийсэн айлаас 50 айл л татгалзсан. 1450 айл нь газраа чөлөөлөхөөр болсон. Ирэх долоо хоногт эхний 400 айлын нөхөн олговрыг шилжүүлж, нүүлгэн шилжүүлэх ажил эхэлнэ. 10 хоног тутамд 400 айлын газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байгаа. 2300 айл гэдэг бол Дархан-Уул аймгийн гэр хорооллыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэнэ. Ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө газар чөлөөлж дуусахаар тохиролцоод явж байна. Энд ямар нэгэн албадлага, хүч хэрэглэх ойлголт байхгүй. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулах аргыг хэрэглэж байгаа болохоор айлууд таатай хүлээн авч байгаа. Зургаадугаар 1 гэхэд чөлөөлөгдөх 60 га талбайд баригдах 12 мянга айлын орон сууцны зураг төсөл бэлэн болно. Улмаар барилга барих компаниудаа сонгон шалгаруулна. Санхүүжилтийг нь гадаад бонд гаргах байдлаар шийдвэрлэнэ. Таван жилийн хугацаатай бонд гаргах саналаа Засгийн газарт танилцуулсан. Ерөнхий сайд Засгийн газраас зөвшөөрөл авах саналаа оруулж ир гэсэн. Тавдугаар сард саналаа НИТХ-ын шийдвэртэй хамт оруулж ирнэ.

Дотооддоо бонд гаргахын тухайд Ерөнхий сайд үгүй гэхгүй гэдгээ хэлсэн. 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд зээлүүлэхээр төлөвлөж байгаа. 150 тэрбумыг Улаанбаатар хотын авто замыг засварлах ажилд зарцуулна. Эргэн төсөлт нь хүндрэлтэй биш. Жилд зам ашигласны төлбөрт 77 тэрбум төгрөг цугладаг. Энэ мөнгөөр эргэн төлөлтийг нь хийнэ. Үлдсэн 50 тэрбумыг нь дулааны шугам сүлжээнд зарцуулна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *