Улс орны аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд Ираны цөмийн зэвсгийн байр суурь өөрчлөгдөж магадгүй гэж тус улсын Цөмийн байгууламжийг хамгаалах үүрэгтэй Исламын хувьсгалт гвардийн командлагч, хошууч генерал Ахмад Хакталаб пүрэв гарагт мэдэгджээ.
Генерал Ахмад Хакталаб “Хэрэв сионист дэглэм (Иран Израилийн эрх баригчдыг ийнхүү нэрлэдэг) манай улсын цөмийн төвүүд рүү довтлохоор заналхийлж, Иранд шахалт үзүүлэх арга хэрэгсэл болгон ашиглахыг хүсвэл Иран цөмийн зэвсгийн байр сууриа эргэн харах боломжтой” гэж хэлснийг “Мехр” агентлагаас иш татсан байна.
Мөн тэрбээр, “Ираны зэвсэгт хүчин агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт системийн тусламжтайгаар сионист дэглэмийн аливаа аюул заналхийллийг сөрөн зогсоход бэлэн байна” гэжээ.
Дамаск дахь Ираны консулын газарт Израйл агаараас цохилт өгсний хариуд Иран 4-р сарын 14-ний шөнө Израилийн эсрэг олон тооны пуужин болон нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн бөгөөд 350 орчим нисгэгчгүй онгоц, пуужин харвасан. Тэдний ихэнхийг нь тус улсын агаарын хилээс гадуур Израйл, АНУ, Их Британи, Франц, Иордан, Саудын Арабын хүчнийхэн саатуулсан гэж Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгдээд байгаа.
Израилийн Батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари хэлэхдээ, Иранаас тус улсад нэг шөнийн дотор хөөргөсөн 300 орчим агаарын байны 99 орчим хувь нь Израилийн агаарын довтолгооноос хамгаалах системийг саатуулсан гэсэн юм.
Хариуд нь Израилийн Гадаад хэргийн сайд Исраэль Кац дэлхийн 30 гаруй оронд хандан Ираны баллистик пуужингийн хөтөлбөрийн эсрэг хориг арга хэмжээ авч, Исламын хувьсгалт гвардийн террорист байгууллага гэж зарлахыг уриалав. Түүнчлэн АНУ, Европын холбоо Тегераны эсрэг шинэ хориг арга хэмжээ боловсруулж байгаа тухай мэдээлэл гарсан.
Мөн “The Jerusalem Post” сонин эх сурвалжийн мэдээллээс иш татан, Израйлийн цэргийн хүчнийхэн тус улс Иран болон түүний холбоотнуудын эсрэг хэрхэн хариу цохилт өгөхөө аль хэдийн шийдсэн. Хугацааг хараахан тогтоогоогүй байна гэж мэдээлээд байна.