УИХ: Уламжлалт мал аж ахуйн талаарх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ өчигдөр нэгдсэн хуралдаанаараа Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Ажлын хэсгээс уур амьсгалын өөрчлөлт гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцох, бууруулах үйл ажиллагааны үндэсний чадавхыг бэхжүүлэх, төсөвт зохицуулалт хийсэн тухай бүр Улсын Их Хуралд танилцуулах, малын гаралтай түүхий эдийн анхан шатын ангилалт, тордолт хийж боловсруулалтыг нэмэгдүүлэх, стандарт техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан зохистой хэмжээнд байлгах, даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталж, үе шаттай хэрэгжүүлэх зэрэг саналыг төсөлд нэмж тусгах зэрэг зарчмын болон найруулгын шинжтэй 13 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслийн тавдугаар зүйл болон долдугаар зүйлтэй холбогдуулан хоёр санал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Г.Ганболд нар Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төсөл болон зарчмын зөрөөтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж, хариулт авсан талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулгадаа дурдаад, Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллийг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан гэлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Д,Тогтохсүрэн, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, О.Цогтгэрэл, Ц.Идэрбат нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хөдөө, орон нутагт малчдын аж байдал, өвөлжилт, хаваржилтын үр дагавар ямар байгааг сануулж, хуулийн төсөлд малчдад хэрэгтэй, тэдний амьдралд дэм тус болох зүйл байхгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, малчны эрх, үүргийг тодорхойлсон төслийн есдүгээр зүйлийг эшилж, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл явуулсан байна, чанар, бүтээмжийг нэмэгдүүлсэн байна, өөрөө мэдлэг, мэргэжлээ дээшлүүлсэн байна, ингэж байж зээл, санхүүжилт өгнө гэнэ. Энэ үүргээ биелүүлээгүй бол хууль зөрчсөнд тооцож, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн нь харин ч малчдыг айлгаж, дарамталсан хууль болохоор байна гэж үзэж байгаагаа хэлэв. Мөн, орон нутагт ажиллаж байхад малчид, бидний гамшиг, зудын хохирлыг нэг удаа төлөөд өгчих, мөн махны үнийг унагаж, хог болгохгүй байлгаад өгвөл төрөөс юу ч гуйхгүй амьдарч чадна гэсэн хүсэлт тавьж байна гээд, өөрсдөө амьдарч чадна гээд байхад нь та нар чадахгүй, заавал хоршоолол бол, тэгвэл зээл өгнө, дэмжинэ гэж зүтгүүлэх нь буруу гэв. Тэрбээр энэ хуулийн төслийг Засгийн газар татаж авах нь зүйтэй гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, мал аж ахуйн салбараа цаашид яаж хөгжүүлэх, хэрхэн хамтарч, нэгдэж ажиллах, үйлдвэрлэлийг хэрхэн дэмжихтэй холбоотой харилцааг хуулийн төсөлд бүрэн зохицуулсан байгааг дурдаад, өнөөдөр үүсэж бий болсон гамшгийн нөхцөл байдалд Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа, мөн малчны зээлийн хуримтлагдсан хүүгийн 75 хувийг хөнгөлөлтийг эх үүсвэрээр санхүүжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын хоорондын зохицуулалтыг хэрхэн хийх талаар Сангийн яам ямар тооцоо гаргаж байгаа, нэг хоршоонд 5.0 га газар олгох зохицуулалтын хүрээнд хоршоод хооронд давхардал үүсэхгүй байх, нэг малчин олон хоршоонд гишүүнчлэгдэж болох эсэх зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асууж хариулт авсан юм. Мөн, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нэн яаралтай горимоор Засгийнгазраас өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөл олон хууль зөрчиж байгааг анхааруулж, төсвийн тодотгол хийх шаардлагатай эсэх, хууль батлагдсанаар баахан мал авна гэсэн хүлээлттэй байгаа малчдаас асуулт, судалгаа авсан эсэх талаар асуув. Тэрбээр, нэг нь ч ажиллахгүй байгаа Дарханы, Эмээлтийн аж үйлдвэрийн паркууд шиг зүйл болох вий хэмээн болгоомжилж байгаагаа хэлж, хоршоонд нэгдсэн болон нэгдээгүй малчид гэсэн ялгаварлал бий болж, нэгдэлжих хөдөлгөөний үед гарсан “хамтралын бухыг буудлаа” гэдэг шиг гадуурхал, хэлмэгдүүлэлт үүсэж болзошгүйг сануулсан юм. Яг хэрэгтэй үед бензинээр тасалж, нүүдэл суудал эхлэх, өвс тэжээлээ татах үед дизель түлшээр таслах зэрэг хариуцлагагүй юм хийдэг атлаа сонгууль дөхөхөөр ийм хууль гаргаж, ээлжит хууралтаа хэрэглэж байгаа юм биш биз гээд тэрбээр, сонгууль өнгөрөхөөр энэ бүхэн байхгүй болчихож болохгүй хэмээн сануулав.

Монголчууд жалгын нэг тархай бутархай байсан юм шиг ойлгож болохгүй, айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэж, цаашилбал аравтын зохион байгуулалтаар хэдэн зуу, мянган жил зохион байгуулагдаж ирсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлээд, сайн дураараа эвлэлдэн нэгдэж байгаль, цаг уурын эрсдлийг даван туулах, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх нь зөв зүйтэй гэж үзэн, хуулийн дэмжиж байна гэсэн юм. Засгийн газраас нэгэнт шийдвэр, тогтоол нь гарсан зээлийн хугацааг сунгах, хүүгийн төлбөрийг хөнгөлөх асуудал яг газар дээрээ, хөдөө орон нутагт өөрөөр хэрэгжээд байгаад анхаарахыг тэрбээр сануулж, малжуулах хөтөлбөрийг богино хугацаа, бага санхүүжилтээр явуулах боломжгүйг болон малчдын хоршоонд фермерүүдийг хамруулах эсэх талаар асуулт тавьсан юм.

Түүний ярьсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хэнтий аймгийн Баян-Овоо сумын аравтын зохион байгуулалтын талаар жишээлж, уг зохион байгуулалт ихээхэн үр дүнтэй байж, өвөлжилтийн хүндрэлийг хохирол багатай даван туулсныг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, зээлийн хугацааг хойшлуулах, хүүг хөнгөлөх ажлыг яг хэзээнээс эхлэхээ тодорхой хэлэхгүй хөдөө сумдад банк, малчдын хооронд үл ойлголцол үүсээд байгааг сануулж, нэг хоршоонд 5.0 га газар олгох нь өвс, тэжээл тариалах хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд багадна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, багаараа ч юм уу, 2-3 хоршоо нийлж нэгдээд 50-аас дээш га-д тариалахгүй бол зардал өндөртэй, ашиг гарахгүй гэсэн тайлбар хэлсэн юм. Малчид хэрэглээний зээлийг 20-22 хувийн хүүтэй авч байгааг тэрбээр дурдаж, Засгийн газраас боловсруулсан төлөвлөгөөний хүрээнд 6.0 хувийн хүүтэй зээл олгохоор төлөвлөж буй нь хүүгийн дарамтыг дөрөв дахин багасгахаар байгаа нь талархууштай гэлээ. Цаашлаад, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлж, арьс ширний, махны экспортын асуудлыг шийдэх, хил залгаа боомтоор гаргах, малаа эрүүлжүүлэх, хоршоод нэг малын эмчтэй байх зэрэг зохицуулалтыг оновчтой хийж чадвал үсрэнгүй үр дүн гарна гэж үзэж байгаагаа тэрбээр дурдав.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, энэ хууль бол Монгол Улсын уламжлалт мал аж ахуйн салбарыг сэргээх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилготой хууль хэмээн онцлоод, Засгийн газраас мал аж ахуйн сэргэлт бий болгох үүднээс авч буй гурван арга хэмжээг тайлбарлав. Юуны өмнө Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах хүрээнд малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж, энэ хугацаанд хуримтлагдах хүүгийн төлбөрийн 75.0 хувийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гаргаад хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаад явж байгаа юм. Мөн 2024 оны эхний хагас жилийн тооллогоор эцэслэгдэн гарах малын хорогдлын хэмжээнд үндэслэн малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнд зориулан улсын төсөвт 22.0 тэрбум төгрөг тусгаад байгаа юм.

Мал аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэх Шинэ хоршоо хөдөлгөөний төлөвлөгөөг Засгийн газар боловсруулаад байгаа бөгөөд уг төлөвлөгөөгөөр малчдын хоршоонд 3-5 жилийн хугацаатай, жилийн 6.0 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олгодог байхаар тусгасан байна. Малчдын хоршоод хөрөнгө оруулалтын зээлээрээ мах, сүү, арьс шир зэрэг түүхий эдийнхээ анхан шатны боловсруулалтыг хийх, мал сүргээ эрүүлжүүлэх чадавх бий болгох бөгөөд ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 10.5 хувийг эзэлж байгаа тус салбарын үйлдвэрлэл 5-10 жилийн дотор ДНБ-ий 30 хувьд хүрнэ гэж Засгийн газар төлөвлөсөн байна. Түүнчлэн мал аж ахуйг хагас эрчимжсэн хэлбэрээр, бэлчээрийн даацад тохирсон, илүү ашиг шим сайтай салбар болгож хөгжүүлснээр малын тоо толгой тодорхой хэмжээнд буурч, ашиг шим, нэг малаас олох орлого нэмэгдэнэ хэмээн сайд Д.Амарбаясгалан танилцуулав.

Өнөөдрийн байдлаар манай улсын дундаж малчин сард 2.1 сая төгрөгийн зардал гаргаж, 1.5 сая төгрөгийн орлого олж, 600.0 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ байдлаар удаан амьдрах тусмаа улам ядуурдаг нөхцөл бий болсныг тэрбээр дурдаад, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс гар аргаар нядалсан махыг зах зээлд нэвтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр малчид улам шахагдаж, амьдрах нөхцөлгүй болох эрдэл үүсэх тул хөрөнгө оруулалтын зээлийн бодлогыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ. Малчдын хоршоодод анхан шатны үйлдвэрлэл, боловсруулалтын чадавх бий болгосноор өнөөдөр малчны хотонд малын өөрийн өртгийн ердөө 20 хувь нь үлдэж байгааг 50 хувьд хүргэх боломжтой талаар тэрбээр жишээлэв. Түүхий эдийн ченжийн систем малын өөрийн өртгийн 60 хувийг, худалдаа, борлуулалтын систем 20 хувийг шингээж, малчны хотноос 1.0 сая төгрөгөөр гарсан үхэр хэрэглэгчийн гар дээр 5.0 сая төгрөгөөр ирж байгаагийн 50 хувийг хотонд нь, малчинд үлдээх зорилготой хэмээн тэрбээр Шинэ хоршоо хөдөлгөөний төлөвлөгөөг тайлбарлалаа. Гэхдээ хоршоонд нэгдэх эсэх нь малчдын сайн дурын сонголт байх юм гэдгийг тэрбээр дурдав. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөтөлбөрт урт хугацаанд 5.0 их наяд төгрөгийн санхүүжилт орож бөгөөд үр дүнд нь дундаж малчны сарын орлого 5.0 сая төгрөг болно гэсэн тооцоог Засгийн газар хийсэн байна.

Сайд Д.Амарбаясгалан, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр малчид хэрэглээний, хөрөнгө оруулалтын, мөн эргэлтийн гэсэн гурван төрлийн зээл авах боломжтой болно гээд, малчид зөвхөн мал малладаг биш, аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, энэ бүхнийхээ үр шимээр илүү сайн, сайхан амьдрах боломжтой болно гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар хуулийн төсөлд тусгасан жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон заалтаас төсөв хооронд зохицуулалт хийх асуудлыг хассан талаар тайлбарласан юм. Харин төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийхдээ тухай бүр Улсын Их Хуралд тайлагнаж байх саналыг Ажлын хэсэг гаргаад байгаа юм.

Малчдын зээлийн хугацааг сунгаж, хүүгийн төлбөрийг хөнгөлөх Засгийн газрын шийдвэрийн талаар Монголбанк болон арилжааны банкууд, малчдыг нэгдсэн мэдээлэлтэй болгох ажлыг зохион байгуулж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг дурдаж, урьд өмнө хэрэгжүүлж байсан малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 5.0 сая хүртэл төгрөг олгож байсныг энэ удаа 8.0 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэсэн юм. Тус яамнаас долоо хоног тутам 70 дээш хувийн малын хорогдолтой малчин өрхүүдийн судалгааг авч байгаа бөгөөд одоогоор ийм өрхийн тоо 4816 болоод байгаа ажээ.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэмжсэн Зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Малчдын хоршоонд мал бүхий иргэдийг хамруулах тухай Ажлын хэсгийн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, бусад саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *