Засгийн газар малчдын амьжиргааг дээшлүүлж, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Мал аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэх “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий төлөвлөгөөг боловсруулаад байна. Уг төлөвлөгөөгөөр малчдын хоршоонд 3-5 жилийн хугацаатай, жилийн 6.0 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олгодог байхаар тусгасан байна.
Малчдын хоршоод хөрөнгө оруулалтын зээлээрээ мах, сүү, арьс шир зэрэг түүхий эдийнхээ анхан шатны боловсруулалтыг хийх, мал сүргээ эрүүлжүүлэх чадавх бий болгох бөгөөд ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 10.5 хувийг эзэлж байгаа тус салбарын үйлдвэрлэл 5-10 жилийн дотор ДНБ-ий 30 хувьд хүрнэ гэж Засгийн газар төлөвлөсөн байна.
Түүнчлэн мал аж ахуйг хагас эрчимжсэн хэлбэрээр, бэлчээрийн даацад тохирсон, илүү ашиг шим сайтай салбар болгож хөгжүүлснээр малын тоо толгой тодорхой хэмжээнд буурч, ашиг шим, нэг малаас олох орлого нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа аж.
Өнөөдрийн байдлаар манай улсын дундаж малчин сард 2.1 сая төгрөгийн зардал гаргаж, 1.5 сая төгрөгийн орлого олж, 600.0 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ байдлаар удаан амьдрах тусмаа улам ядуурдаг нөхцөл бий болгож байна.
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс гар аргаар нядалсан махыг зах зээлд нэвтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр малчид улам шахагдаж, амьдрах нөхцөлгүй болох эрдэл үүсэх тул хөрөнгө оруулалтын зээлийн бодлогыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай. Малчдын хоршоодод анхан шатны үйлдвэрлэл, боловсруулалтын чадавх бий болгосноор өнөөдөр малчны хотонд малын өөрийн өртгийн ердөө 20 хувь нь үлдэж байгааг 50 хувьд хүргэх боломжтой.
Түүхий эдийн ченжийн систем малын өөрийн өртгийн 60 хувийг, худалдаа, борлуулалтын систем 20 хувийг шингээж, малчны хотноос 1.0 сая төгрөгөөр гарсан үхэр хэрэглэгчийн гар дээр 5.0 сая төгрөгөөр ирж байгаагийн 50 хувийг хотонд нь, малчинд үлдээх зорилготой хэмээн тэрбээр Шинэ хоршоо хөдөлгөөний төлөвлөгөөг тайлбарлалаа. Гэхдээ хоршоонд нэгдэх эсэх нь малчдын сайн дурын сонголт байх юм гэдгийг тэрбээр дурдав. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөтөлбөрт урт хугацаанд 5.0 их наяд төгрөгийн санхүүжилт орож бөгөөд үр дүнд нь дундаж малчны сарын орлого 5.0 сая төгрөг болно гэсэн тооцоог Засгийн газар хийсэн гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцууллаа.