“Ачит-Ихт” компанийн “Цагалбар” нэртэй дансанд шилжүүлсэн 13 сая ам.доллар дуулиан тарих бололтой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн асуултад хариулсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Б.Пүрэвдорж гишүүний ярьж байгаатай санал нэг байна. Гэхдээ яг ингэж ярьж байгаад стратегийн ордуудыг авчихсан шүү. 2006 онд УИХ-аар ороод, Стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг УИХ-аар ээлж дараалан лообийдож “стратегийн орд биш” гэж байгаад жагсаалтаас гаргасан. Тэр асуудал удахгүй сонсголоор тодорхой болох байх. Ганбаатар сайд тэр талаар маш нарийн мэдээлэлтэй байгаа байх. Энэ дээр Их хурлын гишүүд янз бүрийн лообий хийж байгаа. Хүмүүсийн ятгалагад автахгүй байхыг би чин сэтгэлээсээ хүсэж байна.

2006 онд орсон Стратегийн ордууд чинь одоо дийлэнх нь байхгүй болчихсон байгаа. Эсвэл хуваагаад нөөцийг нь багасгаад гаргаад авчихсан байгаа. Эсвэл УИХ-ыг лообийдоод Цэцтэй нь авлигал төлж байгаад гаргаад авчихсан байдалтай байгаа.

Тэгэхээр стратегийн ордтой холбоотой энэ зохицуулалт дээр бид хатуу байх ёстой. Энэ уул уурхайн салбар хөгжсөн аль ч улс тийм байгаа. Норвеги тийм л байгаа. Чили тийм л байгаа. Бид ялгаатай зүйл хийх гээд байгаа юм бол огт биш. Үүнийг нэгдүгээрт хэлье гэж бодож байна.

Хоёрдугаарт, энэ үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд хог, хаягдал гээд байгаа юм. Үгүй шүү, үгүй. Энд бол яг стратегийн ордтой адилхан баялаг. Оюутолгой дээр ч энэ бий болно, Эрдэнэт дээр ч бий болно.

Дээрээс нь Б.Пүрэвдорж гишүүн ээ, Стратегийн ордуудыг хувь хүнд өгчих л юм бол ил тод болно оо гээд байгаа. Үгүй шүү. “Ачит-Ихт”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. “Цагалбар” гээд дансанд “Ачит-Ихт” компани 13 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ асуудал дээр хөдөлгөөн орж байгаа зүйл байгаа. Удахгүй энэ нь баримтаар ил болно оо гэдэгт би итгэлтэй байгаа. Энэ ил тод байдал юм уу. Эсвэл энийг хог гэж гаргаж аваад, үүсмэл орд гэж нэрлээд нэг хүн авсан нь ил тод байдал юм уу.

Эсвэл “Эрдэнэт”-ийн 49 хувь, саалийн үнээ хөгшрөөд үхэх гэж байна аа гэж авчихаад, өнөөдөр 600 тэрбум, өнөөдрийнхөөр 2 их наяд төгрөг болчихоод байгаа нь ил тод байдал юм уу. Ц.Элбэгдорж өнөөдөр юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр “миний үгийн алдаа байлаа” гэсэн… Ийм том стратегийн орд дээр Төрийн тэргүүн хүн үгийн алдаа гаргаж болдог юм уу.

Тэгэхээр ийм асуудлаар дамжуулж энэ стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал энэ төрөөр цэглэгдэх ёстой. Энэ Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал олон жил яригдсан. Одоо бид нар эцэслэн шийдвэрлэх ёстой шүү. Тэгээд стратегийн орд эзэмшээд, луйвардаж авсан хэдэн компаниуд энэ тэндээс энэ хуультай холбоотой янз бүрийн ойлголтууд төрүүлэхээ одоо болих хэрэгтэй.

П.Цагаанаа одоо болих хэрэгтэй. МАК компани одоо хангалттай, болих хэрэгтэй. Зүгээр 34 хувь Хуримтлалын сан руу шилжих энэ эрхийг нь өгчих. Хэрвээ энэ дээр ямар нэгэн асуудал гарах юм бол Стратегийн ордуудыг буцаан авах асуудал, Стратегийн ордыг гарахад хэн хэн яаж оролцсон бэ гэдэг асуудлыг, авлига ярих ийм асуудал бас байж болохоор байгаа шүү. Тэгэхээр одоо хангалттай. Зүгээр аятайхан байцгаачих. Яасан их мөнгөтэй юм.  Одоо тэгээд ярьж байгаа зүйлүүд нь яг…

Хаашаа юм, П.Цагаанд очихоороо ил тод байдалтай болчихоод байгаа юм уу. Тийм юм байхгүй шүү. Тэгээд энэ хүмүүсий эргүүлээд, баахан асуудлууд яриад, ард луйвар явдаг юмыг л таслан зогсоох гэж байгаа юм. Би энэ дээр огт нам ярихгүй байгаа. Би хэзээ ч нам ярьж байгаагүй. Би зүгээр “Авлига байгаа бол авлигынхаа асуудлыг шийдье” л гэж байгаа. Тийм учраас энэ дээр парламентын гишүүд маань санал нэгтэй байгаарай.

Үндэсний баялгийн сангийн хууль гээд бид бараг сүүлийн 30-аад жил ярилаа. Одоо үндсэн шийдэл дээрээ очих гэж байна. Энэ үүсмэл орд бол баялаг шүү. Энэ бол хог биш. Ингэж ард түмний тархи угаахаа болих ёстой шүү.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *