Парисын Олимпын галт бамбарыг буухиалах эхний хүн тодорлоо

Грекийн тамирчин, Олимпын аварга Стефанос Дускос “Парис-2024” Олимпын наадмын галт бамбарыг буухиалах эхний хүн болно гэж Грекийн Олимпын хороо Афин хотноо лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

2020 оны Токиогийн Олимпоос сэлүүрт завины төрөлд алтан медаль хүртсэн тэрбээр ирэх оны дөрөвдүгээр сарын 16-нд бамбарын буухиаг эхлүүлнэ. Мөн өдөр Олимпын наадмын өлгий нутаг Грекийн баруун хэсэгт орших эртний Олимпын тууринд Олимпын галыг асаах ёслол болно.

Грекийн нутагт галт бамбарыг буухиалах сүүлийн хүн нь “Токио-2020” наадмаас мөнгөн медаль хүртсэн Грекийн усан пологийн эрэгтэй шигшээ багийн ахлагч Яннис Фоунтулис бөгөөд тэрбээр дөрөвдүгээр сарын 22-нд болох Олимпын бамбарыг гардуулах ёслолын үеэр Афины “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд бамбарыг буухиалах ажээ.

1896 онд орчин үеийн анхны Олимп зохион байгуулагдаж байсан цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү ёслолын ажиллагааны төгсгөлд Грекийн Олимпын хорооны ерөнхийлөгч Спирос Капралос галт бамбарыг “Парис-2024” наадмыг зохион байгуулах хороонд шилжүүлэн өгнө.

“Бидний хувьд хамгийн чухал зүйл бол Олимпын бамбараар дамжуулан түгээдэг онцгой мессежүүд байдаг. Ялангуяа дэлхийн олон газар нутагт дайн байлдаан болж байгаа энэ үед. Ийм цаг үед энх тайван, хамтын ажиллагаа, ёс зүйтэй өрсөлдөөн, Олимпизмын үзэл санаа нь итгэл найдварын галыг дахин бадрааж чадна” гэж С.Капралосын мэдэгдэлд онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *