Энэ долоо хоногийн эхээр цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн нь “өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлсэн явдал” гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ. Энэ талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэлд өнөө өглөө мэдээлжээ.
Хиймэл дагуулыг эзэмшсэнээр дайсагнагч хүчний аюултай, түрэмгий, янз бүрийн үйл ажиллагааг идэвхтэй таслан зогсоож, хянан зохицуулна гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилсан байна.
Умард Солонгосын удирдагч пүрэв гарагт Үндэсний сансрын технологийн хөгжлийн газарт зочилж, “Маллигён-1” тагнуулын хиймэл дагуулыг хөөргөхөд хувь нэмрээ оруулсан эрдэмтдэд баяр хүргэжээ. Мягмар гарагт хөөргөсөн хиймэл дагуул 12 дугаар сарын 1-нээс албан ёсоор ажиллаж эхэлнэ гэж KCNA өмнө нь мэдээлсэн байна.
Уг хиймэл дагуул нь “манай улсын сансрын хамгаалагч, хүчирхэг дуран авайгаар дайсагнагч хүчний цэргийн зорилго, хөдөлгөөнийг” байнга ажиглах боломжийг бүрдүүлнэ гэж Ким Жөн Ун хэлжээ.
Эрдэмтдийн ололт амжилт нь “дайны аюулыг тогтоон барих хүчин чадлыг үлэмж хэмжээгээр бэхжүүлсэн” бөгөөд хиймэл дагуул хөөргөсөн нь Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын дэвшүүлсэн тус улсын сансрын тагнуулын чадавхыг хөгжүүлэх зорилтод хувь нэмэр орууллаа гэж тэрбээр хэлснийг KCNA эш татан мэдээлжээ.