“Ачит Ихт” ХХК-ийн 34 хувьд ногдох ашгийг нэхэмжилж, үүсмэл ордыг 100 хувь эзэмших талаар судлахыг “Эрдэнэт үйлдвэр”-т үүрэг болгожээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэн шийджээ.

Үүн дотор “Ачит Ихт” ХХК-тай холбоотой гарсан шийдвэрийн талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга, сайд Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв.

Тэрбээр “Тус компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдан жил гаруйн хугацаанд ажиллаж, өнөөдөр дүнгээ танилцуулснаар Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зарим үүрэг чиглэлийг өглөө.

Нэгдүгээрт “Ачит Ихт” компанийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмших, 2014 онд байгуулагдсан гэрээгээ биелүүлэх үүрэг өгсөн. Уг компани нь 2003 онд байгуулагдаж, 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөн 2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-тэй анхлан гэрээ байгуулж, овоолго ашиглах нөхцөл нь үүссэн. Ингээд 2014 онд байгуулсан гэрээгээр 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшихээр гарсан байдаг ч 2015 онд “Эрдэнэт үйлдвэр”-ээс гарсан ажлын хэсэг гэрээг дүгнэхдээ үйлдвэрт ашиггүй тул эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Энэхүү шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд “Ачит Ихт” компанийн борлуулалтын орлого нь 535 орчим сая ам.доллар байна. Үйл ажиллагааны зардал маш бага. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр” 500 орчим сая ам.долларыг зарцуулж бий болгосон үүсмэл орд учир ашиглаад олсон орлогоос тодорхой хувь нь “Эрдэнэт үйлдвэр”-т шингэж байх ёстой.

Хоёрдугаарт өнгөрсөн найман жилийн хугацаанд эзэмшиж, олох байсан орлого буюу алдагдсан боломж, 34 хувьд ногдох ашгийг нэхэмжлэх үүргийг “Эрдэнэт үйлдвэр”-т өглөө.

Гуравдугаарт 500 орчим сая ам.долларыг зарж бий болгосон үүсмэл ордууд 100 хувь “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмч байх ёстой. “Ачит Ихт” ХХК-ийн өмчлөөд байгаа овоолго бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 100 хувийн өмч байх ёстой. Энэ чиглэлд “Эрдэнэт үйлдвэр” өөрөө судлаад холбогдох шийдвэрээ гаргаж ажиллах үүрэг өгсөн” хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *