“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталжээ. Орон даяар эхэлж буй энэхүү “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт энэ долоо хоногийн баасан гарагт нийслэлд болох бөгөөд мянга гаруй малчин хөдөөгөөс зорин ирж оролцох юм. Тэд хөдөөд нийлж, нэгдэж хоршоо байгуулж, төрийн дэмжлэг туслалцааг авч, барьцаагүй, хүү, хугацаа багатай хөрөнгө оруулалтын зээл авах зэрэг “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй холбоотой бүхий л мэдээллийг албаны хүмүүсээс авна.
Мөн хоршооны талаарх мэдээллийг малчин айл бүрд хүргэхээр төрийн албанаас 1400 ажилтныг нэг сарын хугацаатай сургагч багшаар ажиллуулахаар томилж байгаа юм.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээ нь хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэтэй болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой урт хугацааны цогц бодлого юм. Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт парламент баталсан. Энэхүү хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд хуулийн хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар өрнөж байна.