Ц.Элбэгдорж “Ачит-Ихт” компаниас 13 сая ам.доллар шилжүүлж авсан баримтыг ЭЦА дэлгэв

Цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ганчулуун, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч Сэргэлэн нар мэдээлэл хийв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Ачит-Ихт” ХХК-тай блансын бус хүдэр ашиглсаны төлбөрт “Ачит-Ихт” компанийн 34 хувийг эзэмших гэрээг анх 2013 оны 7 сарын 17-ны өдөр байгуулсан байдаг. Ингээд 2015 оны 6 сарын 26-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт орж, “Ачит-Ихт” компани 100 хувь эзэмшихээр болж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 34 хувь “Ачит-Ихт” компанид 100 хувь шилжсэн байдаг. 2А гэдэг нэршилтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолго байдаг. Энэ овоолгын 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эзэмшиж байсан боловч заалт нь ингэж хасагдсан.

“Ачит-Ихт” гэдэг компани ямар компани юм бэ, хувьцаа эзэмшиг нь хэн юм бэ гээд хувьцаа эзэмшигчдийнх нь мэдээллийг шалгахад “Степ купер”, “Цагалбар” гэдэг хоёр компани байдаг. “Степ купер” компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан, дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. Компанийн 24.5 хувийг Монгол Улсын иргэн Д.Эрдэнэцэцэг гэдэг хүн эзэмшдэг, 25.5 хувийг нь түүний хамаарал бүхий гэр бүлийнх нь хүн П.Цагаан гэж хүн эзэмшдэг. 24.5 болон, 25.5 хувийг нь хүүхдүүд нь болох П.Мөнхтүвшин, П.Намуундарь нар эзэмшдэг.

Ачит-Ихт компанийн 22 хувийг “Цагалбар” гэж компани эзэмшдэг. “Цагалбар” компани нь 2016 онд үүсгэн байгуулагдсан. Гүйцэтгэх захирлаар нь Монгол Улсын иргэн Өлзийжаргал гэдэг хүн ажилладаг. “Цагалбар” компанийн эзэмшлийг шалгаад үзэхээр 100 хувь “Степ купер” компанийн 25 хувийг эзэмшдэг иргэн Эрдэнэцэцэг эзэмшдэг гэдгийг УБЕГ-ын мэдээлэл нотолж байгаа. “Цагалбар” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Өлзийжаргал нь “Степ купер” компанийн Ерөнхий нягтлангаар бас давхар ажилладаг. Схем зураглалаас харвал “Ачит-Ихт” компанийг бүхэлдээ буюу 100 хувь П.Цагаан болон түүний гэр бүл эзэмшдэг.

“Цагалбар” компани 2016 онд уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдсан. Тус ААН нь “Ачит-Ихт” ХХК-ийн ногдол ашиг авахаас өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. “Цагалбар” компанийн арилжааны банкан дахь тоот дансанд 13.6 сая ам.доллар орсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байгаа.

“Ачит-Ихт” компанийн бүтээгдэхүүн борлуулалтын мэдээллийг та бүхэнд, дэлгэцэнд үзүүлж байна.

 2014-2021 онд нийт 53379 тонн зэсийг Сингапур улсад бүртгэлтэй “Noble resources” компанид худалдан борлуулсан байна. 2018-2023 онд 41527 тонн зэсийг тухайн үеийн үнэлгээний ханшаар 960 тэрбум орчим төгрөгийн борлуулалтыг Сингапур улсад бүртгэлтэй “Fortune I-Trade PTE LTD” компанид худалдан борлуулсан байна. “Fortune I-Trade PTE LTD” компанид худалдан борлуулахдаа 2018-2023 онд нууц гэрээгээр нийт 41527 тонн зэсийг экспортлохдоо нэг тонн зэс тутамд 330-350 орчим мянган ам.долларын хөнгөлөлт эдлүүлэх гэрээг байгуулан, нийт үнийн дүнгээр 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлсэн болох нь мэдээллээс харагдаж байна.

“Fortune I-Trade PTE LTD” компани ямар компани юм бэ гээд бүртгэлийг шалгахад, Даяндоржийн Жаргалсайхан гэдэг гүйцэтгэгч захиралтай, Даяндоржийн Эрдэнэцэцэг гэдэг хувьцаа эзэмшигчтэй компани гэж бүртгэгдсэн байна. Даяндоржийн Эрдэнэцэцэг гэдэг нь түрүүчийн мэдээлэл дээр дурдагдсан “Ачит-Ихт” компанийг эзэмшдэг ийм хүн байгаа. Өөрөөр хэлбэл, “Ачит-Ихт” “Fortune I-Trade PTE LTD” компани хоёр нэг эзэнтэй гэсэн үг.

Хэрэгт авагдсан мэдээлэл, мөрдөн шалгах ажиллагаанд цугласан баримтаас үзвэл, “Fortune I-Trade PTE LTD” компани болон “Ачит-Ихт” компаниудын хооронд байгуулсан гэрээгээр нийт 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм. Үүнийг бас та бүхэнд дахин тодотгож хэлье. “Fortune I-Trade PTE LTD” компани болон “Ачит-Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулаад 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн ийм нөхцөл байдлууд тогтоогдон шалгагдаж байна.

Мөн дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаа авагдсан баримтын талаар та бүхэн мэдээлэл танилцуулья. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан Монгол Улсын иргэн Ц.Элбэгдорж “Ачит-Ихт” компанийн хувьцаа эзэмшигч. Мөн Төрийн өндөр албан тушаал хашиж байсан Монгол Улсын иргэн П.Цагаан нарын хоорондоо харилцсан мессеж чатыг та бүхэнд харуулж байна.

Мөн хэрэгт авагдсан дараагийн баримтыг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд та бүхэн танилцуулья. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Цахиагийн Элбэгдорж нь 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр арилжааны банканд долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулсан байдаг. Хугацаатай хадгаламжийн бүртгэлд Ц.Элбэгдорж нь дээрх гэрээнүүдийг байгуулахдаа “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэгдсэн байна. Мөн мэдээллийг баталгаажуулж, тухайн өдрөө гарын үсэг зурсан нь слайдаас харагдаж байна.

Мөн цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулахдаа бас “Ачит-Ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлсэн байна. Дээрх мэдээллээ тухайн өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтан дээр харагдаж байна. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мөрдөн шалгах ажиллагааны баримтаас танилцуулахад ийм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *