ЦЕГ: Хэргийн газраас амь хохирогчийн гэрээслэл олдоогүй, энэ бол ташаа мэдээлэл

Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-аас өнөөдөр /2024.04.30/ амиа алдсан өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:

-Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн Б 2024 оны дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдлыг төрсөн дүү Н дөрөвдүгээр сарын 25-ны 00:57 цагт тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан.  Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага нь дөрөвдүгээр сарын 25-нд эрэн сурвалжлах ажиллагааг улс даяар яаралтай эхлүүлсэн.  Эрэн сурвалжлах ажиллагааг хийх явцад дөрөвдүгээр сарын 26-ний өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богдхан амралтын газар орчмоос иргэн Б -гийн автомашин олдсон. Хэргийн газарт үзлэг хийхэд иргэн Б автомашины арын суудалд нас барсан байдалтай олдсон. Гэрэл зураг, дуу дүрсний аргаар бэхжүүлж авсан. Цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид, Хан- Уул дүүргийн прокуророос хяналтын прокурорын хамтаар хэргийн газарт үзлэг явуулсан.

Хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцон, Шүүх шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн. Галт зэвсэг эзэмшигч нь сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан нь тогтоогдсон.

Цогцост үзлэгийг Шүүх шинжилгээний хүрээлэнгийн эрх бүхий бүрэлдэхүүнтэй шинжээч явуулсан. Энэ үйл ажиллагааг дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан. Төрсөн дүүг нь мөн өмгөөлөгч Ц-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон цогцост  тогтоон, тогтоолыг танилцуулсан.

Хууль ёсны төлөөлөгчөөс ямар нэг санал хүсэлт гаргаагүй. Хэрэгт гэрчүүдээс мэдүүлэг авах, хяналтын камеруудыг хураан авах зэргээр прокурорын хяналтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийн газраас хохирогчийн гэрээслэл олддсон гэдэг нь ташаа.

Хууль журмын дагуу, прокурорын хяналтын хүрээнд цогцос таниулах ажиллагааг явуулсан. Олон нийт болон иргэний нийгмийн байгууллагын зүгээс өгч байгаа зарим мэдээлэл ташаа байгаа. Хэвлэлийн хурлын зорилго нь үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор хийгдэж байна. Хохирогчийн ар гэрт цогцсыг үзүүлж харуулаагүй нуусан зүйл огт байхгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *