Цэцэрлэгийн багачууд гимнастикийн спортоор ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээн нь 1973 оноос хойш 46 дахь жилдээ зохион байгуулагдаж буй.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 2024 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилсэн анхан шатны тэмцээнд есөн дүүргийн 79 цэцэрлэгийн 2439 хүүхэд оролцсон. Үүнээс хоёрдугаар шатанд есөн дүүргийн 20 цэцэрлэгийн 600 гимнастикч авьяас чадвараа сорин өрсөлдөв. Тэмцээнд оролцсон цэцэрлэгүүдийг “Ур чадвар”, “Өхөөрдөм”, “Хувцаслалт”, “Жигдрэлтэй”, “Үзэгчдийн таашаал”, “Хамтач баг”, “Онцлох баг” гэсэн долоон номинацид шалгаруулж, шагнал гардуулдаг уламжлалтай.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд:

Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн хүүхэд багачуудын дунд нас насны ангилалд нь тохируулан хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, хөгжөөн дэмжигчид зэрэг багийн спортын тэмцээнийг үе шаттайгаар зохион байгуулж буй. Харин өнөөдөр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний аваргуудаа шалгаруулах гэж байна. Энэхүү тэмцээн нь хүүхдийн гоо зүй, бие бялдрын хөгжилд өв тэгш хүмүүжил олгох, хамтач үзэл санааг бүрдүүлэх, уран сайхны мэдрэмжийг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Э.Батнавч:

Манай цэцэрлэг 2017 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй уг тэмцээнд оролцож байна. Тэмцээнд жил бүр тасралтгүй оролцсоны үр дүнд дүүрэг, хот, улсын хэмжээний уралдаан тэмцээнд шат ахин, амжилтаа ахиулсаар байгаа нь бидний давуу тал болоод буй. Энэхүү тэмцээнд эцэг эх, асран хамгаалагч, багш дасгалжуулагч, бяцхан шавь нарын маань хамтын оролцоо маш чухал байдаг бөгөөд өнөөдөр үр дүнгээ үзэх гэж буйдаа сэтгэл догдлон байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 274 дүгээр цэцэрлэгийн багш А.Алтангэрэл:

Энэ жил анх удаа уг тэмцээнд шавь нараа бэлтгэн оролцож байна. Дүүргээсээ нэгдүгээр байранд шалгаран, өнөөдөр нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьж буйдаа баяртай байна.

Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг хоёр жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан, заах арга зүйн ур чадвар дээшлүүлэх ажлыг тогтмол хийдэг. Түүнчлэн жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага өсөн нэмэгдэж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *