Романс залиланд өртсөн эмэгтэй амиа хорложээ

Сүүлийн жилүүдэд романс залилан манайд газар аваад байгаа.

Гаднын улс орнуудаас монгол эмэгтэйчүүдтэй цахимаар харилцаа тогтоож итгэлийг нь олж аваад залилдаг гэмт хэрэг дэлгэрээд байгаа юм. Наад захын жишээ л гэхэд “0” гэх эмэгтэй АНУ руу 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн тухай гомдол ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд бүртгэгдсэн.

Яг ийм төрлийн залиланд өртсөн эмэгтэйчүүдээр Мөрдөн байцаах албаны хүлээлгийн танхим бараг дүүрчхээд байна. Цагдаагийн байгууллага энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг цаг тутам хүргэж ажилладаг ч бодит үр дүн гарахгүй байгааг саяхны нэгэн харамсалтай жишээ харуулав.

Тодруулбал романс залиланд өртөж 40 гаруй сая төгрөгөө алдсан эмэгтэй амиа хорлосон хэрэг өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт гарчээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн эмэгтэй нь малчин бөгөөд нөхөр болон сургуулийн насны гурван хүүхдийн хамт амьдардаг байсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт сургалтад суухаар Баянхонгор аймгийн төвд ирсэн үедээ амиа хорлосон байдалтай олджээ. Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Талийгаачийн тухайд ойр тойрны хүмүүсээсээ их хэмжээний мөнгө зээлсэн байсныг эх сурвалжууд онцолж байгаа юм.Тэрбээр хаяг байршил нь тодорхой бус иргэнтэй фэйсбүүкээр харилцаж залилуулсан байна.

ЭНЭ ТӨРЛИЙН ЗАЛИЛАН ЯМАР ХЭРБЭРЭЭР ЯВАГДДАГ ВЭ?

Aliso Camelove гэгч нь иргэн “Д”-д өөрийгөө АНУ-д ажилладаг, хувийн компанитай, ажил гүйцэтгэлийн их хэмжээний мөнгө орж ирэх үед өгсөн мөнгийг нь буцааж 2-3 дахин нугалж өгнө гэж итгүүлэн 75 мянган ам.доллар авсан байна. Тухайн эмэгтэй өөрийнхөө залилуулж байгааг гурван сарын турш мэдээгүй бөгөөд, мэдсэнийхээ дараа цагдаад ханджээ. Цагдаагийн байгууллагаас тухайн улсын Консулын газраар дамжуулан хайлт хийхэд Aliso Camelove нэртэй хүн АНУ-д бүртгэлгүй гэдэг нь тогтоогджээ.

Олон улсад “ROMANCE SCAM” гэж нэрлэдэг энэ гэмт хэргийн цаана хохирогчтой чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлж, 3-6 сарын хугацаанд хайр дурлалын сэдвээр яриа өрнүүлж, урхиддаг байна. Эмэгтэйчүүд англи хэлээ сайжруулна, гадны хүнтэй сууж баян тансаг амьдарна, гадагшаа явна гэсэн хүслүүдээрээ дамжуулан гадны иргэнтэй сошиал орчинд найз болох нь их байдаг, үүний цаана ихэвчлэн улс дамнасан залилангийн хэрэг үйлдэгчид бүлгээрээ ажиллаж байдаг юм байна. Тэд өөртэй нь харилцаж байгааг ойр дотны хүмүүс, найз нөхдөдөө хэлэхгүй байхыг хүсэж, хувийн санхүүг нь дараа бага багаар мөнгө нэхэж эхэлдэг аж.

Тэдний арга нь ихэвчлэн гадаадад амьдрах урилга явуулна, чиний нэр дээр илгээмж явуулна, танай улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад амьдарна, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цалингаа шууд чиний дансанд чинь байршуулчихъя гэх мэтээр их хэмжээний ашиг амладаг байна. Үүний тулд тодорхой хэмжээний шимтгэл төлөх хэрэгтэй гэж залилж мөнгө авдаг гэнэ.

Энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч иргэн “У” гэх иргэнтэй ярилцлаа. Гаднын иргэнд 8 мянган ам.доллар залилуулжээ.

– Залилагч этгээд ямар байдлаар таны итгэлийг олж авав?

– Өнгөрсөн жил Америкийн цэргийн хүчинд ажилладаг гэх залуутай фэйсбүүкээр танилцаж, чатаар харилцаж эхэлсэн юм. Фэйсбүүк нийтэлдэг зураг нь цэргийн хувцастай итгэл төрүүлэхээр хүн байсан.

– Тан руу найзын хүсэлт илгээсэн хэрэг үү?

– Тийм ээ. Гоё зурагтай болохоор найзын хүсэлтийг нь авчихсан юм. Ингээд л сайхан амарсан уу, ямар ажил хийдэг гэх мэт зүйлсийг тогтмол явуулдаг байсан. Ингээд л харилцаж эхэлсэн.

– Тухайн этгээд танд ямар санал тавьж, мөнгийг тань авсан юм бэ?

– Тэр хүн “Би цэргийн хүчинд ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө олсон. Дарга нартаа хэлж болохгүй байна. Энэ мөнгийг чам руу илгээе. Би өөрөө араас нь очно” гэж хэлдэг байсан. Энэ мөнгийг авахад шимтгэл хэрэгтэй гэж хэлсэн. Эхлээд итгэхгүй байсан ч “тэгвэл өөр хүн рүү хандъя” гээд хэсэг хугацаанд надтай холбоо бариагүй. Хэд хоногийн дараа би өөрөө холбоо барьсан юм. Ингээд л мөнгө шилжүүлэхээр болсон. Тухайн үед олдсон боломжоо үгүй хийх гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд мөнгө шилжүүлчихсэн юм.

– Та тухайн хүнтэй ярилцаж үзсэн үү?

– Үгүй. Видео колл хийхэд “Цэргийн хуарандаа байна. Энд утсаар ярихыг зөвшөөрдөггүй. Нууцаар чат бичиж байна” гэх мэт шалтгаан хэлээд ярилцдаггүй байсан. Эндээс мөнгөө авч гарчхаад л шууд Монгол руу явна гэж хэлж байсан.

– Тухайн үед та мөнгөө ямар данс руу илгээсэн юм бэ?

– Надад олон улсын данс илгээсэн. Би энэ данс руу нь л мөнгө шилжүүлсэн. Надад 40 мянган доллар өгнө гэж хэлсэн. Тухайн үед их хэмжээний мөнгө нүдэнд харагдаад л зуслангийн байшин бариулахаар цуглуулж байсан цөөхөн төгрөгөө аваад, нэмж найзаасаа хүүтэй мөнгө зээлээд шилжүүлчихсэн.

Ерөөсөө ажлын таван өдрийн дотор л 40 мянган доллартой болно гэж төлөвлөж байсан ч залилуулснаа сүүлд мэдсэн. Ерөөсөө миний мөнгийг аваад л шууд блоклоод алга болчихсон. Ингээд цагдаагийн байгууллагад хандахад залилуулсан олон хүн байдгийг мэдсэн.

Залилуулсан талаараа хүнд хэлэхээс ч санаа зовоод тэнгэр хол газар хатуу санагдаж байлаа. Хуульчид ч хандах боломжгүй, арга мухарддаг юм билээ. Гадаад руу шилжүүлсэн учраас цагдаа нар ч ажиллахад бэрх гэдгийг мөрдөгчтэйгөө уулзаад олж мэдсэн. Өнөөдөр ч энэ төрлийн залилан байна. Манайханд их мөнгө амлахад шунал нь хөдөлдөг үзэгдэл түгээмэл бий. Ямар ч аргаар хамаагүй тухайн мөнгийг авах гэж л үздэг. Энэ чанар нь романс залиланд өртөх үндсэн шалтгаан болдог шиг санагдсан. Сүүлд нь хэлэхэд нэр нүүр нь мэдэгдэхгүй хүний данс руу мөнгө шилжүүлж болохгүй юм байна шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин

Зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *