Улс төрийн сонгууль дахь гадаадын нөлөө

Их гүрнүүдийн зүгээс геополитикийн ашиг сонирхол, эдийн засгийн болон үзэл суртлын асуудал, улс төрийн тогтолцоог сулруулах, өөрчлөх зэрэг зорилгоор улс орнуудын сонгуульд нөлөөлдөг арга тактик байдаг. Олон улсын харилцаанд хүчний тэнцвэр тогтворгүй байгаагаас шалтгаалан улс орнуудын дотоод асуудалд гадны улс хөндлөнгөөс оролцох, ялангуяа сонгуульд нөлөөлөх явдал нэмэгдэж байгааг ажиглагчид анхааруулж байна. Дотоодын улс төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцох нь цэргийн түрэмгийлэл, террорист халдлагаас тэс өөр арга замаар үндэсний бүрэн эрхт байдал болоод аюулгүй байдалд заналхийлдэг.

Ирэх жил АНУ, ОХУ тэргүүтэй хэд хэдэн орны ерөнхийлөгчийн сонгууль, Европын холбооны парламентын сонгууль болохын зэрэгцээ манай улсад ч Улсын их хурлын сонгууль болно. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болон Европын хэд хэдэн орны сонгуульд оросууд оролцсон талаар Америкийн тусгай албад мөрдөн шалгалтад үндэслэн тайлан гаргасан бол Оросын талаас Америкийг хөрш зэргэлдээ орнууд болон нөлөөний бүсэд нь өнгөт хувьсгал гаргах зорилгоор тухайн улсын сонгуульд нь оролцдог гэж бичдэг. Хятад улс ч сүүлийн үед бусад улсын улс төрчдөд нөлөөлөх явдал мөн нэмэгдэж байна.

Ямартаа ч гадны улс орнуудын зүгээс сонгуульд нөлөөлж, оролцох нь шинэ үзэгдэл биш ч технологийн дэвшлийн нөлөөгөөр илүү хялбар атлаа үл мэдэгдэм болж байгаа нь сорилт юм. Сорилтыг даван туулж шийдвэрлэхийн тулд түүнийг танин мэдэх нь чухал учир ОХУ, АНУ, БНХАУ-ын бусад орны сонгуульд оролцсон талаарх мэдээллийг Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаартаа онцлон авч үзлээ.

ОХУ-аас бусад улсын сонгуульд нөлөөлсөн байдал

АНУ-ын сонгуульд нөлөөлсөн нь: 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оросууд хэрхэн оролцсон талаар Америкийн Сенатын тагнуулын тусгай хорооны 2020 оны 11 сарын тайланд дэлгэрэнгүй мэдээлсэн байдаг.[1] Тус тайланд дурьдсанаар Д.Трампын сонгуулийн кампанит ажлын менежер Пол Манафорт Оросын тусгай албадтай хамтран ажилладаг байсан ба сонгуульд ажиллах 2 сар орчмын хугацаанд эмзэг, нууц мэдээллүүдийг задруулсан гэжээ. Сонгуулийн үеэр Оросын талын хийсэн гол ажил нь хамтран ажилладаг этгээдээ нэр дэвшигчийн ажлын албанд нэвтрүүлэх, кибер халдлага хийх, олсон мэдээллийг интернетийн тролл армиар дамжуулан манипуляц хийх, худал, ташаа мэдээлэл түгээх, олон нийтийн сүлжээнд мэдээллийн дайн хийх зэрэг байв. Үүнийг ерөнхийд нь нack-and-leak ажиллагаа гэж нэрлэдэг ба WikiLeaks платформ голлох үүрэгтэй ажиллаж байжээ. Нийгмийн сүлжээний платформуудыг ашиглан олон нийтийг чиглүүлэх, төөрөгдүүлэх уг ажиллагааг Кремлиэс удирддаг, Е.Пригожиний үүсгэн байгуулсан Интернет судалгааны агентлаг (Internet Research Agency) голчлон зохион байгуулсан гэж үздэг.[2]

2016 оны үйл явдалд тулгуурлан 2020 оны сонгуульд оросуудын оролцоо ямар байх талаар урьдчилсан таамаглалыг тусгай албадын тайланд тусгасан байв. Үүний дагуу сонгуулийн өмнө тусгай албадын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь гадны оролцоог хязгаарлах байсан ба 2020 оны 7, 8 дугаар сараас эхлэн АНУ-ын тусгай албаны өндөр албан тушаалтнууд олон нийтэд анхааруулах мэдээлэл хийж, хамтран ажиллахыг сануулахын[3] зэрэгцээ олон нийтийн сүлжээний платформуудтай хамтран ажиллаж тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Тухайлбал, 2019 оны 10 дугаар сард Фэйсбүүк компаний гүйцэтгэх захирал Марк Зукерберг 2020 оны сонгуульд хөндлөнгөөс оролцохоор сайтар бэлтгэгдсэн Орос, Иранаас гаралтай сүлжээг илрүүлсэн талаараа мэдэгдэж байлаа.

Тухайн сонгуульд Оросын талаас мөн л тусгай албадтай холбоотой хүмүүсийг ашиглах, нийгмийн сүлжээгээр дамжуулан “мэдээллээр угаах” аргаар Интернет судалгааны агентлагийн удирдлага дор сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж Америкийн тал үздэг. Гэхдээ энэ удаад америкчуудыг туйлшруулах, нийгэм улс төрийн хуваагдлыг хурцатгах, сонгуульд үл итгэх байдлыг бий болгох тактик ашигласан гэж үзжээ.[4] Үүний нэг жишээ нь Портланд мужид Библи судрыг шатаасан бичлэг болоод Black Lives Matter хөдөлгөөнийг үүсгэсэн бичлэгүүд гэж албаны хүмүүс үзэж байлаа.[5]

Украины сонгуульд нөлөөлсөн нь: Украины 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд Москвагийн дэмжлэгтэй Виктор Янукович ялсан нь “Улбар шар хувьсгал”-ийн эхлэлийг тавьсан бөгөөд энэ үеэр Кремльтэй ойр харилцаатай Олег Дерипаскагийн дотно холбоотон Пол Манафортыг нөхцөл байдлыг эргүүлэхээр урьсан байдаг. Гэхдээ тухайн үед зорилгодоо хүрч чадаагүй ч 2010 онд зорьсноо биелүүлж Виктор Янукович ерөнхийлөгчөөр сонгогджээ. Түүнийг америк зөвлөхийн дэмжлэгтэйгээр ерөнхийлөгч болсон гэдэг ч үнэндээ Кремль ард нь байсан нь сүүлд ил болсон юм.[6]

Гүржийн сонгуульд нөлөөлсөн нь: 2020 онд болсон Гүржийн парламентын сонгуулийн өмнө буюу 2 дугаар сард Эстоний Гадаад тагнуулын алба өрнөдийн эсрэг үзэл бүхий “Гүржийн марш” хэт даврагч бүлэг оросын хуурамч мэдээллийг түгээхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа талаар нэгэн тайландаа дурьджээ. Тус бүлэглэл жагсаал цуглааныг хүчирхийллийн хэлбэр рүү хувиргадгаараа танигдсан бөгөөд Гүрж улсыг ЕХ, НАТО-д элсэхэд олон нийтийн дэмжлэгийг сулруулах, нийгмийг талцуулан мөргөлдөөнийг хурцатгах зорилгоор хуурамч мэдээлэл түгээж байгааг анхааруулсан байна. “Гүржийн марш” нь Оросын удирдагчидтай холбоотой, тэдний нөлөөний бүлэглэл болохыг мөн мэдэгджээ.

Түүнчлэн тус сонгуульд сөрөг хүчин болох “Гүржийн эх орончдын холбоо”-нд Кремль санхүүгийн болон улс төрийн шууд дэмжлэг үзүүлсэн бөгөөд тус холбоо Оросын улс төрийн зөвлөгөө үзүүлдэг Politsecrets компаниас 8.4 сая ам.долларын төсөв хүссэн баримтыг олсноо Dossier Center ТББ мэдээлж байжээ.[7]

Москвагийн гол зорилго нь өөрийн талын улс төрчийг гаргаж ирэх замаар дам эрх барих явдал байсан бол өдгөө зорилго нь өөрчлөгдөн улс орнуудын тогтолцоог сулруулах, ардчиллыг харлуулах, сонгуулийн шударга байдалд иргэдийн итгэлийг алдагдуулах тактик руу шилжиж байна гэж Америкийн тал үзэж байна.[8]

АНУ-аас бусад улсын сонгуульд нөлөөлсөн байдал

Хүйтэн дайны үед АНУ коммунизмын тархалтаас сэргийлэх зорилгоор улс орнуудын сонгуульд хөндлөнгөөс оролцох нь цөөнгүй байжээ. Энэ талаар Хонконгийн их сургуулийн профессор Дов Х.Левингийн судалгаанд 1946-2000 оны хооронд АНУ бусад улс орны сонгуульд хөндлөнгөөс оролцсон 80 гаруй тохиолдлыг дурьдсан байна. Харин хүйтэн дайн дараа АНУ-ын энэ үйл ажиллагаа харьцангуй багассан гэжээ.[9]

The Atlantic сэтгүүлийн нийтлэлч Питер Бейнартын бичсэнээр АНУ Хүйтэн дайны дараа ардчиллыг дэмжих зорилгоор Ардчиллын төлөөх үндэсний сан (National Endowment for Democracy) болон бусад байгууллагуудаар дамжуулан сонгуулийг чөлөөт, шударга явуулахыг илээр дэмжиж ирсэн ба сонгуулийн саналыг өөрчлөх оролдлого, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг ашиглах, олон нийтийн сүлжээгээр дамжуулан хуурамч мэдээлэл түгээхийн эсрэг байдаг гэжээ.[10]

Хүйтэн дайн дараа Орос улс ардчилалд шилжиж байсан эхний жилүүдэд АНУ болон Европын засгийн газар, ЕАБХАБ зэрэг засгийн газар хоорондын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын сонгуульд үзүүлэх тусламжийг Оросын эрх баригчид албан ёсоор зөвшөөрч байв. Тухайлбал АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) сонгуулийн улс төр, иргэний оролцоотой холбоотой олон төсөл хөтөлбөрийг Оросын засгийн газар дэмжин хэрэгжүүлж байжээ.

АНУ Оросын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хамгийн тод жишээ нь 1996 онд ерөнхийлөгч Борис Ельциний улиран сонгогдоход Америкийн улс төрийн зөвлөхүүд хэрхэн тусалсан талаар дэлгэрэнгүй нийтлэл The Time сэтгүүлийн 1996 оны дугаарт байдаг.[11]

АНУ олон улсын хөндлөнгийн оролцоог шууд болон шууд бусаар хориглосон олон баримт бичигт нэгдэн орсон ч дэлхий дахинд авторитаризм нэмэгдэж байгаатай холбоотойгоор хэд хэдэн орны сонгуульд далд байдлаар оролцсон талаар Council on Foreign Relations-ийн судлаач бичжээ. Гэхдээ ардчиллын үнэт зүйлстэй харшилсан үйлдлээр ардчилсан бус дэглэмтэй тэмцэх нь урт хугацаандаа илүү их хор хөнөөлтэй болохыг ч мөн анхааруулсан байна.[12]

БНХАУ-аас бусад улсын сонгуульд нөлөөлсөн байдал

Хятадын гадны сонгуульд оролцох оролдлого Оростой харьцуулбал бага хэдий ч сүүлийн үед эрс өсч байгааг судлаачид онцолдог. Хятадууд сонгуулийн үйл ажиллагаанд шууд оролцохоос илүү алсаар тойрсон буюу хятадын диаспорагаар дамжуулан гол шийдвэр гаргагчидад нөлөөлөх, бодлого тодорхойлогч, бизнесийн нөлөө бүхий хүрээнийхэнтэй харилцаа тогтоох, боловсролын байгууллага, хэвлэл мэдээллээр өөрийн өгүүлэмжийг (нарратив) нэвтрүүлэх замаар олон нийтэд нөлөөлдөг.

Гэвч сүүлийн үед Оросын хэрэглэдэг цахим орчинд идэвхтэй ажиллан дотоодын хагарал үүсгэх аргыг ашиглаж байж болзошгүй талаар АНУ-ын Rand судалгааны хүрээлэнгийн нэгэн судалгаанд өгүүлжээ. Тухайлбал хятадтай холбоотой твиттер хаягууд Калифорни муж улсыг тусгаар тогтнохыг уриалж “Yes California” кампанит ажлыг Хонконгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнтэй харьцуулсан жиргээг түгээж байгааг тогтоосон талаараа дурьджээ. Түүнчлэн тус судалгаанд улс орнуудын доторх популизм, хуваагдал нь Хятадын хөгжлийн загвар, ХКН-ын бодлогыг сурталчилах таатай хөрс суурийг бүрдүүлж болзошгүйг сануулсан байна.[13]

ХКН Нэгдсэн фронтын үйл ажиллагаагаар дамжуулан хилийн чанадад нөлөөллийн ажил хэрхэн явуулдаг, ялангуяа Австралийн улс төрд хэрхэн нөлөөлсөн талаар судалгааг Австралийн стратегийн бодлого судлалын хүрээлэнгийн судлаач Алекс Жоске хэвлүүлсэн нь нилээд сонирхолтой. Тус судалгаанд Хятадын Нэгдсэн фронтын гишүүд болох Хуан Шианмо, Эрнест Вонг нарын хэргийг жишээ болгон авчээ.

Нэгдсэн фронттой нягт хамтран ажилладаг Хятадыг энх тайвнаар нэгтгэх зөвлөлийн Австрали дахь салбарын захирал Хуан Шианмо 2013 онд Австралийн сенатч Сэм Дастъяритай танилцжээ. Улмаар түүний санаачилсан хуулийн төслийг лоббидон их хэмжээний хандив өгөх, парламентийн гишүүдийг Хятадад аялуулах, тэдний хэтрүүлэн зарцуулсан томилолтын зардлыг “зохицуулах” зэргээр тусалдаг байжээ. Аажмаар Хуан Австралийн улс төрийн хүрээнд нөлөөтэй болж эрх баригч болон сөрөг хүчний улс төрчидтэй чөлөөтэй харилцдаг болжээ. Тэрээр Шинэ Өмнөд Уэльсийн Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, тус намын санхүүгийн дарга асан, Холбооны Либерал намын сайд асан, Холбооны Либерал намын өөр нэгэн сайдын хэвлэл мэдээллийн зөвлөх асаныг элсүүлэн, нөлөөллийн ажил явуулж байсан нь сүүлд тодорхой болсон байна.

Хятадыг энх тайвнаар нэгтгэх Австралийн зөвлөлийн  арав гаруй гишүүд сонгуульд нэр дэвших зэрэг ямар нэг байдлаар улс төрд идэвхтэй оролцож байв. Тэдний тэргүүн нь Хуангийн компанид ажиллаж байгаад Шинэ Өмнөд Уэльсийн Хууль тогтоох зөвлөлд ажиллах болсон Эрнест Вонг (王国忠) байлаа. Вонг, Хуанг хоёр Хилийн чанад дахь хятадуудын хэрэг эрхлэх газрын зөвлөмжийн дагуу улс төрд орох сонирхолтой Австралийн хятад залуусыг менторлох зорилготой ажиллаж байжээ. Тэд ирээдүйн улс төрийн манлайлагчдыг бэлтгэхээр Австралийн залуу удирдагчдын форумыг зохион байгуулж, сайн дурын үйл эрхэлж, их дээд сургуулиудад харамгүй хандив өргөдөг байлаа. Вонг Хятад, Австралид нэгдсэн фронтын системийн хэд хэдэн байгууллагад ажиллаж байсан ба хятадын суурин тагнуул байсан гэж тус судалгаанд өгүүлсэн байна.

Хуан 2015 оноос Австралийн тагнуулын байгууллагын анхаарлыг татаж эхэлсэн байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчид Хуангийн үйл ажиллагааг мөрдөж эхэлснээр түүний улс төрийн намуудтай тогтоосон харилцаа илүү тодорхой болж иржээ. Сэм Дастьяри нь хандив цуглуулагч гэдгээрээ алдартай байсан бөгөөд Хуан Шианмотой харилцсан харилцаа, түүнээс авсан хандив нь хоёуланг нь сүйрүүлсэн аж. “Намуудын хооронд өрнөдөг хандивийн төлөөх өрсөлдөөнийг зэвсэг болгон ашигладаг. Хуан шиг их хөрөнгөтэй хандивлагчтай болвол нам түүний үгээр л хөдөлдөг” гэж хожим нь Дастьяри ярьжээ.[14]

Дүгнэлт

Сонгуульд хөндлөнгөөс оролцох нь шинэ үзэгдэл биш бөгөөд технологийн дэвшил, мэдээллийн хурдаас шалтгаалан улам үл мэдэгдэм, илүү хор хөнөөлтэй болж байна. Их гүрнүүдээс бусад улсын улс төрийн сонгуульд нөлөөлж буй арга тактик нь өөр хоорондоо ялгаатай байна. ОХУ тухайн улсын иргэд, нийгмийн сэтгэлзүйд чиглэсэн мэдээллийг цацах, өөрт элэгтэй улс төрчийг татах арга зам ашигладаг бол АНУ өөрийн олон улсын байгууллагуудаар дамжуулан нөлөөллийн ажил өрнүүлдэг онцлогтой байна. Харин Хятад улс тухайн улсын нэр хүндтэй улс төрчидтэй шууд холбоо тогтоох, “хандив” өгөх, Хятадад аялуулах зэрэг хувийн нягт харилцаа үүсгэх явдлыг илүүд үздэг ажээ.

Улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ялангуяа төрийн эрх барих эрхэд хөндлөнгөөс халдах, нөлөөлөх нь үндэсний бүрэн эрхт байдал болоод аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл юм. Үүний эсрэг төр, иргэний нийгмийн байгууллагууд бүхий л түвшинд хамтран ажиллах, уялдаа холбоогоо сайжруулах, улс төрчдийн авч буй “хандив тусламж”-ийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, олон нийтийг мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг болгох, хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллийг таньж сурахад сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах, хөндлөнгөөс оролцох талаар нийгмийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авах нь үр дүнтэй талаар судалгааны өгүүллүүдэд зөвлөжээ.

Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн

Ашигласан эх сурвалж:

[1] https://www.intelligence.senate.gov/publications/report-select-committee-intelligence-united-states-senate-russian-active-measures

[2] Sharikov, Pavel. “Alternative Approaches to Information-Age Dilemmas Drive U.S. and Russian Arguments about Interference in Domestic Political Affairs.” Center for International & Security Studies, U. Maryland, 2020. http://www.jstor.org/stable/resrep26083.

[3] Even, Shmuel. “Clear and Present Danger: The US Intelligence Community and Foreign Intervention in the Elections.” Institute for National Security Studies, 2020. http://www.jstor.org/stable/resrep27770.

[4] https://www.dni.gov/files/ODNI/documents/assessments/ICA-declass-16MAR21.pdf

[5] https://www.the-independent.com/news/world/americas/us-politics/portland-protests-bible-burning-russian-disinformation-trump-a9665991.html

[6] https://www.atlanticcouncil.org/in-depth-research-reports/issue-brief/targeting-ukraine-through-washington/

[7] Kelly, Ian, David J. Kramer, and Alina Inayeh. “A Country on the Verge: The Case for Supporting Georgia.” German Marshall Fund of the United States, 2021. http://www.jstor.org/stable/resrep30239.

[8] https://www.thepost.co.nz/a/world-news/350096227/us-warns-russian-effort-sow-doubt-over-elections

[9] https://www.cfr.org/report/banning-covert-foreign-election-interference

[10] https://www.theatlantic.com/ideas/archive/2018/07/the-us-has-a-long-history-of-election-meddling/565538/

[11] Rescuing Boris: The Secret Story of How Four U.S. Advisers Used Polls, Focus Groups, Negative Ads and All the Other Techniques of American Campaigning to Help Boris Yeltsin Win. By Michael Kramer/Moscow Monday, July 15, 1996. Time. http://content.time.com/time/magazine/article/0,9171,984833,00.html

[12] https://www.cfr.org/report/banning-covert-foreign-election-interference

[13] https://www.rand.org/pubs/research_reports/RRA704-1.html#top

[14] Joske, Alex. “Foreign Interference and the United Front System.” The Party Speaks for You: Foreign Interference and the Chinese Communist Party’s United Front System. Australian Strategic Policy Institute, 2020. http://www.jstor.org/stable/resrep25132.12.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *