РИА Новости агентлаг саяхан Америкийн Сангийн яамны эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Оросын зарим банктай эрчим хүчний салбарын гүйлгээтэй холбоотой төлбөр тооцоо хийх тусгай зөвшөөрлийг энэ оны арваннэгдүгээр сарын 1 хүртэл сунгахыг АНУ-ын засгийн газар зөвшөөрсөн байна. Гүйлгээний төлбөр тооцоо хийх эрхтэй банкуудад Оросын гадаад худалдааны банк, Хадгаламжийн банк, Альфа банк зэрэг томоохон банкууд багтжээ. Үүнээс гадна, тогтоолын дагуу холбогдох төлбөр тооцоог Оросын Төв банктай хийж болох юм байна.
Украины хямрал шат өгссөнөөс хойш Америк болон барууны орнууд Оросын эсрэг хэд хэдэн удаа хориг арга хэмжээ авсан. Оросын олон том банк Дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцааны нийгэмлэгийн (SWIFT) төлбөрийн системээс хасагдсан. Америкийн засгийн газрын 2022 оны 14024 тоот тогтоол баталж, Оросын банкуудтай төлбөр тооцоо хийхийг хориглосон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Америкийн Засгийн газар Оросын зарим банктай эрчим хүчний салбарт энэ оны тавдугаар сарын 16 хүртэл гүйлгээ хийх түр зөвшөөрөл олгоод байсан юм.