Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.05.03) үдээс хойших хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд С.Даваасүрэн танилцууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын хөгжил, хүн амын өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, орчны бохирдол нэмэгдэх зэргээр эдийн засаг, нийгмийн харилцаанд хүндрэл учирч байгаатай холбоотойгоор бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоох, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Шинэ Зуунмод хотыг олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд 32 мянган га эдэлбэр газартай байх аж. Засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын дагуул хот статустай байх бөгөөд Төв аймагтай бүхий л талаар хөгжлийн интеграцад орж, хотын эдийн засгийн үр ашгийг хамт хүртэх нөхцөл, боломжийг бүрдүүлсэн засаглал, эдийн засгийн тогтолцоог бий болгохоор тооцсон гэлээ. Шинэ Зуунмод хот нь амралт, аялал жуулчлал, олон нийтийн худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр ложистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго, аж ахуйн нөөц зэрэг 9 бүстэй байх бөгөөд цаашид бүсчлэлийн хуваарийг зөвхөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Тухайлбал, амралт, аялал жуулчлалын бүсэд ОУ-ын хурал, зөвлөгөөн, арга хэмжээний цогцолбор, морин тойруулга, бооцоот тоглоом, музейн цогцолборыг байгуулах ба хотын төв, засаг захиргааны бүсэд төрийн зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Шинэ Зуунмод хотыг иргэдэд зориулсан ногоон хөгжлийг дэмжсэн ирээдүйн хотын олон улсын концепцын дагуу нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоотойгоор байгуулахаар тусгажээ. Тодруулбал, тус хотын иргэдийн оршин суугаа газраас 20 минутын зайд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газар нь байрлах шаардлагад нийцүүлэх аж. Хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ба төсөл болон сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газрын батлах юм байна. Шинэ Зуунмод хотын удирдлага нь хотын оршин суугчдаас сонгогдсон хотын зөвлөл, захирагч болон Ерөнхий архитектур, Хотын хөгжлийн корпорацаас бүрдэх ба зохион байгуулалтын хувьд хороонд хуваарилагдах юм байна. Шинэ Зуунмод хотын Хөгжлийн корпорацыг Төв аймаг болон нийслэл хамтран байгуулж, хотын газар хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлтийг хариуцаж, хөрөнгө оруулагчидтай төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ гэж төлөвлөжээ.
Шинэ Зуунмод хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, нийслэл хот, Төв аймгийн үүрэг байх бөгөөд төрөөс бүтээн байгуулалтын явцад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, улсын төсөвт дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг тусгаж батлах, төрийн байгууллагыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аж. Нийслэл, Төв аймгийн хувьд орон нутгийн төлбөр, хураамжаас хөнгөлөх, өөрийн өмчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах, төрийн үйлчилгээг шуурхай, нэг цонхоор хүргэх, хяналт шалгалтыг давхардуулахгүй байх, дагуул хотын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээх аж. Хот нь төсөвтэй байх ба тухайн хотын татварын орлогын 80 хувийг Шинэ Зуунмод хотод, 20 хувийг Төв аймагт хуваарилж зарцуулахаар төсөлд тусгасан болохыг Ц.Даваасүрэн сайд танилцуулсан.
Хуулийг төсөл батлагдсанаар дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчин бүрдэж, шинээр ажлын байр бий болж, ДНБ болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, тээвэр ложистикийн нэгдсэн төвийг байгуулж хөгжүүлснээр орон нутгийн болон бүс нутгийн, цаашлаад олон улсын ложистикыг сайжрах ач холбогдолтой гэж үзэж буй юм байна. Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, орон сууцын хангамж нэмэгдэж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тооцсон байна. Бүс нутгийн тэнцвэртэй байдлын хөгжлийг хангах бодлогын хүрээнд Шинэ Зуунмод дагуул хоттой Төв аймаг нь эдийн засгийн интеграцад нэгдэж тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ хэмээн танилцуулсан юм.
Төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа дээр төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт, тайлбар авав. Гишүүд хэлэхдээ, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл болон нийслэлийн дагуул хотын асуудлыг зохицуулдаг байх саналыг хэлж байв. Түүнчлэн хот байгуулах, өөрчлөх, хот, аймаг, сум хоорондын хилийн цэсийн асуудлыг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулдаг гэдгийг дурдав. Мөн Хот байгуулалтын тухай хуулийг батлах, энэ хүрээнд хот байгуулалттай холбоотой ерөнхий зохицуулах харилцааг тодорхойлох нь зүйтэй хэмээгээд хот байгуулах бүрд тухайлсан хууль батлах жишиг тогтох эсэхийг лавлаж байв. Төв аймаг болон Шинэ Зуунмод хот хоёрын хөгжлийн төлөвлөлт хоорондоо нийцэж буй эсэхийг тодруулж, хариулт авсан. Төсөл дэх газар нутгийн харьяаллын иргэд, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын саналыг сонсох нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв. Эхний үр дүн, бүтээн байгуулалтын хугацааны талаар тодруулсан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд энэ бүс нутагт 2.1 саяаас хэтрүүлэхгүй байхаар, үүний 440 мянгыг дагуул хотуудад суурьшуулахаар төлөвлөсөн байдаг. Ундны усны нөөцөд тулгуурлсан тооцооллоор Богдхан уулын өвөрт 150 мянган иргэнийг суурьшуулахаар төлөвлөсөн. УИХ-ын 2020 оны 55 дугаар тогтоолын дагуу Бүтээн байгуулалтын захиргаа байгуулсан, Барилга, хот байгуулалтын яам Шинэ Зуунмод хотын ерөнхий хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, 2022 онд Засгийн газраар батлуулсан. Энэ дагуу тухайн оноос эхлүүлэн хоёр сайдын багцын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Гол шугам сүлжээний зураг төслийг хийсэн. Нийтдээ 497 тэрбум төгрөгийн хяналтын төсөвтэй, ус, дулаан, цахилгаан холбоо, үерийн суваг байгуулахаар төлөвлөөд өнөөдрийн байдлаар 162 тэрбум төгрөгийн ус, цахилгаан хангамж болон үерийн суваг байгуулах ажлууд 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа” гэв. Ирэх оны улсын төсвийн хүрээнд дулааны дэд бүтцийн асуудлыг тусган, шийдвэрлэх ёстой бөгөөд санхүүжилтийг үе шаттайгаар тухай бүр төсөвт тусгасан тохиолдолд 2027 онд дэд бүтцийн бүтээн байгуулалтууд дуусах боломжтой гэлээ. Тус бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр хангалттай, найдвартай гэдгийг ажлын хэсэг онцлов. Сэргэлэн дэд станц болон дэд станцуудын бүтээн байгуулалт, холбогдох шугам сүлжээний ажлыг хангалттай шийдвэрлэсэн болохыг ажлын хэсэг тайлбарлалаа. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Төв аймаг болон Шинэ Зуунмод хот хоёрын хөгжлийн төлөвлөлтийг нийцүүлэх ажлыг хийнэ гэдэг хариултыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өгөөд, дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм.
Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Н.Энхболд нар үг хэлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 37 гишүүний 54.1 хувь нь дэмжсэн тул Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид “цэргийн алба хаагч” гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулдаг. Үүний зэрэгцээ эдгээр алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг салбарын хуулиудаар тусгайлан зохицуулж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
Тодруулбал, Гамшгаас хамгаалах тухай хуулиар “Онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно”, Монгол Улсын хилийн тухай хуулийн 38.4-т “Иргэн улсын хилд албан үүрэг гүйцэтгэх үедээ гэмт халдлагын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд энэ хуулийн 39.8-д заасан цалингийн дунджаар тооцсон таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.”, Цагдаагийн албаны тухай хуулийн 86.1-д “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно.” зэргээр ялгамжтай тогтоосон байдаг аж.
Иймд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах нөхцөл, шалтгааныг зааж өгсөн бөгөөд салбарын бусад хуультай уялдуулан цэргийн алба хаагчийн хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрхийг нэмж тусгах, түүнчлэн байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох тэтгэвэр, тэтгэмжийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд цэргийн алба хаагч байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадваргүй гишүүний тооноос үл хамааран 100 хувиар тогтоохоор, түүнчлэн тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгохоор, ийнхүү олгох орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тусгасан байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт 3 өрөө орон сууцны талбайн хэмжээ 60м2-150м2 метр квадрат хүртэл байх бөгөөд түүнчлэн Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор баталсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.4-т “нийт талбайн хэмжээ 80м2-аас ихгүй байх”-аар зохицуулсан байх тул 3 өрөө орон сууцны талбайн хэмжээг 80м2 байхаар, шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 3.99 сая төгрөг байх бөгөөд дунджаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцож, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан болохыг Я.Содбаатар дарга танилцуулсан.
Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Д.Сарангэрэл гишүүний танилцуулсан санал, дүгнэлтэд дурдсан байв.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.8 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.
Хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав
Нэгдсэн хуралдаан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Тэрбээр, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн хамтаар санаачлан боловсруулснаа дурдав. 2019 онд ашигт малтмалын нөөц ашигласны татварыг баяжуулах буюу боловсруулах салбарт дахин авахаар шийдвэрлэсэн нь үйлдвэрлэлийн салбарт тодорхой хэмжээний хүндрэл бий болгосон. Тухайн үед нийтдээ 90 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байсны 60 орчим нь өөрийн уурхайгүй бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд баяжуулах, угаах болон нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болох ажлыг хийж байсан боловч 30 гаруй нь хаалгаа бариад буйг дурдав.
Мөн жоншийг хүдрээр нь экспортлоод БНХАУ руу экспортоллоо гэхэд тэнд нэг удаа АМНАТ төлдөг. Гэтэл дотооддоо баяжмал болгох тохиолдолд дахин АМНАТ төлж байгаа нь цаашид энэ төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжгүй, эдийн засгийн үр ашиггүй, өрсөлдөх чадваргүй болгож байгааг төсөл санаачлагч онцлоод АМНАТ-ыг давхардуулж авч байгаа нь дэлхийд байхгүй жишиг тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д өөрчлөлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулснаа танилцууллаа.
Хуулийн төслийг хэлэлцэж баталснаар нийтдээ 50 гаруй аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ үр дүнтэй үргэлжлүүлэх, үйл ажиллагаагаа шинээр эхлүүлэх хүсэлтэй 10 гаруй үйлдвэрт дэмжлэг болно гэв. Үүний үр дүнд 2000 мянга гаруй ажлын байр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 50 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрч, эдийн засаг эрчимжиж, аж үйлдвэр үе шаттайгаар хөгжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төсвийн байнгын хороо дээрх төслийн хэлэлцэх эсэхийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон нь төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон байна. Энэхүү санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
Б.Пүрэвдорж гишүүний төсөл санаачлагчийн илтгэл, Г.Тэмүүлэн даргын танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Г.Ганболд, Б.Баттөмөр нар асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт, мэдээлэл авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Ш.Адьшаа нар төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтэй байгааг уламжилсан бөгөөд Улсын Их Хурлын дарга хүсэлтийн дагуу шийдвэрлэж буйгаа мэдэгдэв.
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан бөгөөд 13 гишүүн энэ төслийг санаачилсан талаар дурдсан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогод хүн амын бүлгүүдийг дэмжих, мөн ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтуудыг тусгасан болон 2017 онд шинэчлэн найруулсан Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, үүний дотор ахмад настанд зөвлөгөө өгөх явуулын үйлчилгээ, өдрөөр эмчлэх, асран сувилах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгасан ч санхүүжилт дутмаг, зохицуулалт сулаас хэрэгжихгүй байгаа, мөн нийт хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөж байгаатай холбогдуулан тэдэнд үзүүлэх урт хугацааны цогц тусламж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлага тулгарч буй зэрэг хуулийн төсөл боловсруулах нөхцөл шаардлагуудыг дурдсан юм. Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл өсөн нэмэгдэж байгааг тоо баримт дурдан өгүүлж, үүний дотор эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж буй талаар онцолсон.
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Ахмад настны нийгмийн халамжийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 10 гаруй хуулийн төслийг боловсруулсан байна. Төслүүдэд, ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ, асрамжийн болон сэргээн засах үйлчилгээ, эдгээрийн мэргэжлийн удирдлага зэрэг нэр томьёог шинээр тодорхойлж, үнэ тариф, үйлчилгээ үзүүлэх журам, зааврыг эрүүл мэндийн болон ахмад настны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтарч батлах, зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсөв, мөн ахмад настны өөрсдийнх нь оролцоотойгоор санхүүжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн, төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид ахмадын өргөө, төв, сэргээн засах нэгж, идэвхтэй насжилтийг дэмжих болон дасгалын клуб, олон нийтийн төв ажиллуулж байгаа бол тухайн барилга, байгууламжийн ус, дулаан, цахилгааны зэрэг ашиглалтын, мөн засварын зардлыг орон нутгийн төсвөөс хэсэгчлэн болон бүрэн хариуцахаар тусгасан байна. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд жилд нэг удаа түлш худалдан авах, орон сууцны хөлс төлөхөд дэмжлэг үзүүлэх, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг таван жилд нэг удаа үзүүлж байгааг гурван жил болгох, зөвхөн рашаантай цөөн хэдэн сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулж байгааг магадлан итгэмжлэгдсэн сувиллууд болгон өргөжүүлэх, асрамжийн үйлчилгээний нэр төрлийг нарийвчлан зааж, тэдгээрийг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан төлбөрийн хувилбарт нөхцөлтэйгөөр үзүүлэх, мөн байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний ачааллыг үнэлж, дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг төсөлд тусгажээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилууллаа. Тус Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонх төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Т.Аубакир нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсан юм. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 37 гишүүний 22 нь буюу 59.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны төгсгөлд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Улсын Их Хурлын 10 гишүүний 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хорооны 2023 оны 18 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэг, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэн гэв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн “чихрийн агууламж орсон хийжүүлсэн болон хийжүүлээгүй ус, ундаа гэснийг чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа ус” гэж өөрчлөх, мөн хуулийн хэрэгжих хугацааг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хороонд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэлээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Жил бүрийн 05 дугаар сарын 03-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буй тогтолцооны шинэчлэл, шударга ёс, хуулийн засаглал, эрүүл нийгэм, хөгжлийн эдийн засгийн төлөөх Цэгцрэх хөдөлгөөнийг дэмжин түших бат багана, идэвхжүүлэн хошуучлах нэг хөшүүрэг нь хэвлэл мэдээлэл болж байгаад тэрбээр тэмдэглэв. Түүнчлэн хэвлэлийн эрх чөлөөг нийт нийгмийн үнэ цэн болгох чиглэлээр бодлого боловсруулагчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг тууштай дэмжих нь нэн чухал гэж Улсын Их Хурал үзэж байгааг онцолсон.
Нэгдсэн хуралдаан төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийт гишүүдэд хандан, гурван асуудалд анхаарал хандуулахыг уриалж, холбогдох үүрэг, чиглэл өгөв.
Нэн тэргүүнд, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай буюу МӨНХ холбооны хуулийн төсөл болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн Улсын Их Хурлын даргын захирамж гарсан байгааг анхаарч энэхүү үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, холбогдох санал, дүгнэлт, тайлангаа харьяалах Байнгын хороонд хүргүүлэх үүрэгтэйг санууллаа.
Удаад нь, Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороо болон Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороодод үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг чиглэл болгосон. Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороо орон нутагт ажиллаж, ашигт малтмалтай холбоотой санал, гомдлуудыг иргэдээс цуглуулж, нээлттэй сонсголыг 05 дугаар сарын 20-25-ны хооронд зохион байгуулахыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүрэг болгов. Иймд холбогдох бэлтгэл хангах ёстойг сануулсан.
Түүнчлэн “Ногоон автобусны” буюу Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хяналт шалгалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэн, нээлттэй сонсголоо зохион байгуулах асуудлыг түргэвчлэх, энэ чиглэлээр гишүүд нь санаачилгатай ажиллаж, хуралдааны ирцээ бүрдүүлж ажиллахыг шаардсан.
Гуравдугаарт, тэрбээр төрийн албан хаагчдын талаар дараах байр суурийг илэрхийлсэн. Г.Занданшатар дарга хэлэхдээ “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах замаар шударга, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлж байж нийгмийн сайн сайхны төлөөх төрийн бодлого амжилттай хэрэгжинэ. Тиймээс төрийн албан хаагчдаа хүндэлдэг, төрөө дээдэлдэг уламжлалт ёс заншлаа сэргээж, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын хуулийг чанд мөрдөж төрийн албан хаагчдын аливаа дарамт шахалт, улс төрөөс ангид байх, гагцхүү төрийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг ирэх 7 хоногт сонсохоор товлож байна.
Төрийн албан хаагчид хамгаалж, нэр төрийг өргөдөг байх хэрэгтэй. Эс бөгөөс төрийн албан хаагчдаа байнга дайрч давшилсаар байгаад төрийн нэр хүнд унаад байна. Иймээс тал бүрдээ үүнийг анхаарах ёстой гэдгийг онцгойлж хэлье” гэв. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.