Вашингтоны саяхан баталсан Киевт үзүүлэх тусламж нь Оросын армийн фронтын амжилтанд саад болохгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Британийн Financial Times сонинд мэдэгджээ.
Тус сонин “АНУ-ын тусламжийн шинэ багц өнгөрсөн сард батлагдсан хэдий ч ойрын үед Оросууд фронтын шугамд амжилт олох боломжтой” хэмээн Салливаны хэлсэн үгнээс иш татан бичжээ. Мөн Байдены зөвлөх “Украин 2025 онд довтолгоо хийхээр төлөвлөж байгаа” талаар дурдсан байна. “Financial Times” сонин Байдены зөвлөхийн энэ байр сууриас “Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд Цагаан ордон Украины мөргөлдөөнд хэрхэн хандах гэж буй”-г олж харж болох юм хэмээн тайлбарлажээ. Мөн мэдээлэлд 2025 онд хийх Украины Зэвсэгт хүчний ямар ч довтолгоо АНУ-ын санхүүжилтээс шалтгаална гэдгийг нэмж дурдсан байна.
Жо Байден ийм байр суурь баримталж байгаа бол Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украинд үзүүлэх тусламж дээр ондоо байр суурьтай байж, мөргөлдөөнийг хурдан зогсоох, хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг хичээнэ гэж амлаж байгаа.
АНУ-ын Конгрессын саяхан баталсан хуулийн төслийн дагуу Вашингтон Украин, Израиль болон Тайванийн засаг захиргаа зэрэг холбоотон орнууддаа батлан хамгаалахын тусламж үзүүлэх бөгөөд Украинд хуваарилагдсан 61 тэрбум ам.долларын 23.2 тэрбумыг Пентагоны агуулахаас Украинд шилжүүлсэн зэвсгийг нөхнө, 13.8 тэрбумаар нээлттэй зах зээлээс Украинд цэргийн зэвсгийн худалдан авалт хийхэд зарцуулна, 11.3 тэрбумыг нь бүс нутаг дахь АНУ-ын цэргийн ажиллагааг дэмжихэд зориулах болсон юм.