Газын эвлэрлийн хэлэлцээрт ахиц дэвшил гарч буй бололтой. Израиль болон Хамас хоорондын хэлэлцээ бямба гаригт Каир хотноо эхэлсэн бөгөөд Египет, Катар хоёр зуучлагчаар ажиллаж байгаа юм. Арабын хэвлэлүүд хэлэлцээрийн явцын талаар сайн мэдээлэлтэй эх сурвалжаас “Израиль улс Хамас бүлэглэлтэй эвлэрэх хэлэлцээрийн хүрээнд бүх насаараа хоригдох ял эдэлж буй Палестины алдартай улс төрч Марван Баргутиг суллахад бэлэн байгаа” тухай мэдээллийг авснаа нийтэлжээ.
Палестины “Аль-Кудс” сонинд “Израиль Фатах хөдөлгөөний төв хорооны тэргүүн Марван Баргутиг суллахыг эсэргүүцэхээ больсон” тухай бичсэн хөнджээ. Баргути Палестины засаг захиргааны тэргүүний албан тушаалд нэр дэвшиж магадгүй гол хүн гэж Израилийн хэвлэлүүд үздэг бөгөөд таван израиль хүний аминд хүрч, гурван удаа террорист халдлага үйлдсэн хэргээр 2002 онд баривчлагдан Израилийн шоронд хорих ял эдэлж байгаа юм.
Хэлэлцээрийн талаар хэвлэлд мэдээлэл өгсөн хүмүүсийн хэлснээр, Израиль Баргутиг суллагдсаныхаа дараа Баруун эрэг рүү биш Газын зурвас руу илгээх шаардлага тавьж буй аж. Түүний нэр ХАМАС-ын хоригдил солилцооны эхний жагсаалтын нэгдүгээрт бичигдэх төлөвтэй байна.
Арабын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, эхний үе шатанд 40 хоногийн хугацаанд гал зогсоох гэрээ байгуулах. Энэ хугацаанд Палестин хоригдлуудын оронд Хамас бүлэглэл Израилийн барьцаалагдсан 128 хүний 33-ыг суллах ёстой аж. Үүний дараа Израилийн цэргийнхэн анклавын суурьшлын бүс нутгийг орхин гарах төлөвтэй байна.
Хэлэлцээрийн хоёр дахь үе шат 42 хоног үргэлжлэх бөгөөд тогтвортой байдал тогтоох, Израилийн хоригдлуудыг Палестины хоригдлуудаар солих хэлэлцээг дуусгана. Гурав дахь шатанд Газын зурвасаас Израилийн хамгаалалтын цэргийг гаргах асуудлыг хэлэлцэж байна.
