Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлж, Дундговь, Завхан, Говь-Алтай сүүл мушгилаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023” танилцууллаа.

Уг төв нь 2010 онд хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан хараат бус байгууллага бөгөөд аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос хойш тасралтгүй жил болгон хийж байгаа аж.

Тус үнэлгээг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгээр гаргадаг юм байна.

Судалгааны дэлгэрэнгүй танилцуулгыг тус төвийн судлаач Б.Мөнгөнжигүүр танилцуулав.


Өрсөлдөх чадварын үнэлгээгээрээ 2012-2020 оны хооронд тасралтгүй тэргүүлж байсан Орхон аймаг энэ жил ахин тэргүүлсэн байна. Харин сүүлийн хоёр жилд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Дорноговь аймаг хоёрдугаарт оржээ.

Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг эрэмбийн өөрчлөлтгүй буюу 3, 4, 5 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

  • Дархан аймагт эрэмбийн өөрчлөлт гараагүй ч өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь есөн оноогоор өссөн байна. Үүнд институтийн тогтолцоо, бизнесийн эрхзүй, боловсрол, соёлын үзүүлэлтүүд сайжирсан нь нөлөөлжээ.
  • Өмнөговь аймагт эрэмбийн өөрчлөлт гараагүй ч өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь 3.5 оноогоор буурсан байна. Үүнд институтийн тогтолцооны үзүүлэлтүүд суларсан нь голлох нөлөө үзүүлжээ.
  • Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд тэргүүлсэн буюу эхэнд эрэмбэлэгдсэн таван аймгууд өнгөрсөн оныхтой ижилхэн байжээ.
  • Дундговь, Завхан, Говь-Алтай зэрэг аймгууд хамгийн хойгуур эрэмбэлэгдсэн ба бизнесийн үр ашиг нь бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сул байжээ.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн аймгуудыг өрсөлдөх чадвар хамгийн сайтай, хойгуур эрэмбэлэгдсэн аймгуудыг муу гэхээсээ илүүтэй бусад аймгуудтай харьцуулбал харьцангуй сул байна гэж ойлговол зүйтэй гэдгийг судлаач онцлов.

Учир нь уг өрсөлдөх чадварын оноог тухайн жилд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн аймгийг 100 оноотой гэж үзэж бусад аймгууд тухайн 100 оноотой харьцуулбал хэдэн оноотой байх вэ гэдгээр харьцуулан гаргадаг аж.

2023 онд нийт аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 66.6 болж өмнөх оныхоос 1.6 оноогоор өссөн байна.

Үүнд: 

  • Бизнесийн үр ашиг: 17 оноогоор
  • Эдийн засгийн тамир тэнхээ: 8 оноогоор
  • Дэд бүтцийн хөгжил: 4 оноогоор
  • Засаглалын үр ашиг: 10 оноогоор тус тус өсжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *