Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг Улсын Ерөнхий Прокурор (УЕП)-т шалгуулахаар хандлаа.
Тэрбээр “2021 онд Банкны тухай хууль батлагдсан. Энэ хуулиар банкны монополийг задлах ёстой бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд гэхэд хэрэгжээд дуусах ёстой байлаа.
Уг хуулиар 20 хүртэлх хувьцаа эзэмшигчдийн хувьцааг задлах, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох болон банкнаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь хориглох байв. Гэвч хэрэгжилт өнөөдрийг хүртэл хангагдаагүй шалтгаан нь Монголбанкны удирдлагад байна гэж хардаж байна. Тиймээс УЕП-т уг асуудлыг шалгуулах зорилгоор гомдол гаргаж буй юм.
Банкны монополийг задлахаар уг хуулийг оруулж ирсэн. Монопол байгаа газар л тухайн бүтээгдэхүүний үнэ өртөг өндөр байдаг. Өнөөдөр манай улсад 20-24 хувийн хүүтэйгээр бизнес эрхлэх боломж алга.
Арилжааны банкууд ихэнхдээ Засгийн газраас зарласан тусгай хөтөлбөрт зээл олгож байна. Одоогоор нийт таван их наяд төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгчээ. Харин бизнес хийх гэсэн хувийн хэвшилд зээл өгөхгүй байгааг онцолъё.
Энэ бүх өндөр хүү эцсийн хэрэглэгчдэд л дарамт болж байна.
Хоёр долоо хоногийн өмнө хулгайгаар банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж оролдсон ч зогсоож чадсан. Гэхдээ энэ нэмэлт өөрчлөлтийг баталлаа гэхэд ажил болгохгүй нь тодорхой.
Гурван жил болоход ямар ч ажил хийгээгүй Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох цаг болсон. Хуулийг хэрэгжүүлээгүйгээс болоод арилжааны банкууд хууль зөрчсөн асуудалд холбогдож, олон улсын банкнаас авсан зээл нь татагдах нөхцөл үүслээ.
Монголбанкны удирдлага ямар зорилгоор ийм үйлдэл хийж буй нь тодорхой бус байна. Тиймээс өнөөдөр УЕП-т бичиг хүргүүлнэ, дараагийн шатанд Монголбанкны удирдлагуудыг хугацаанаас нь өмнө татаж буулгахаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлнэ” гэж ярилаа.
Монголбанкны одоогийн удирдлагуудын бүрэн эрхийн хугацаа 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Энэ хүртэлх хугацаанд хуулийг хэрэгжүүлэхгүй байх санаархал тэдэнд байна гэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үзэж байгаа тул ийм арга хэмжээ авч байгаагаа тодотгосон юм.