АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө

Бүгд найрамдах намаас сонгогдсон Дональд Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувиар даваа гарагт тангараг өргөлөө. Тэрбээр АНУ-д амьдарч буй бичиг баримтгүй олон сая цагаач иргэнийг эх орон руу нь албадан буцаах зэрэг бодлогын томоохон өөрчлөлтүүдийг яаралтай хийхээ амлав.

Тангараг өргөсний дараа хагас цаг орчмын турш хэлсэн үгэндээ Д.Трамп “Америкийн алтан үе яг одоо эхэлж байна” хэмээн онцлон дурдлаа. “Энэ мөчөөс эхлэн Америкийн уналт дууслаа. Бид улс орноо ялалт, амжилтын шинэ өндөрлөгт хүргэнэ. Бидэнд хүрч чадахгүй мөрөөдөл гэж үгүй. Бид бууж өгөхгүй. Бид бүтэлгүйтэхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

“Улс үндэстний амжилтын шинэ эрин үе эхэлж байна гэдэгт итгэлтэй, өөдрөг бодолтойгоор би ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирж байна. Өөрчлөлтийн түрлэг улс орныг хамарч байна” гэж Д.Трамп Капитолын ордны Дугуй танхимд цугларсан 600 орчим хүн болон улс орон даяар телевизээр үзэж буй олон сая үзэгчид хандан хэлжээ.

“Бид түүхэн дэх хамгийн агуу соёл иргэншлийн эр зориг, эрч хүчтэйгээр дахин ажиллах цаг болсон гэдгийг би өнөөдөр америкчуудад хандаж хэлмээр байна” гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.

Өдгөө 78 настай Д.Трамп тус улсын 45 дахь Ерөнхийлөгч байсан бөгөөд дараалан биш хэдий ч хоёр удаа сонгогдсон түүхэн дэх хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө Гровер Кливленд 1890-ээд онд хоёр удаа сонгогдож байжээ. Д.Трамп тангараг өргөснөөр Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд дөрвөн жил ажилласны дараа албан тушаалаа орхилоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *