Энэ сарын 30-ны өдөр болох товтой байсан OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн уулзалт ирэх долоо хоногт хүртэл хойшиллоо. Уулзалтыг хойшлуулах болсон шалтгаанаа хараахан мэдэгдээгүй байна.
“Bloomberg”-ийн мэдээлснээр газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр өдөрт нэг сая баррелиар бууруулах шийдвэрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй Саудын Араб улс олборлолтын квотын талаар бусад гишүүн оронтой санал зөрөлдөөнтэй байгаа шалтгаанаар уулзалт хойшлоход хүрсэн бололтой.
Дээрх мэдэгдлийн дараа газрын тосны жишиг үнэ 3.9 хувиар буурч, 79 ам.доллар болоод байгаа юм. Уулзалт хойшилсноор газрын тосны үнийн хэлбэлзэл өндөр байх төлөвтэй гэж салбарынхан дүгнэж байна.
Газрын тосны үнэ есдүгээр сарын оргил үеэсээ 18 орчим хувиар буурсан, ирэх онд газрын тосны зах зээлийн төлөв үүнээс ч сул байх төлөвтэй байгаа ажээ.
OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны үнийн уналтыг зогсоохын тулд олборлолтоо дахин бууруулах асуудлыг хэлэлцэж байна гэж томоохон хэвлэлүүд мэдээлж байсан юм.