Монгол Улсын нийслэлийн хүн амын 46 хувь нь гэр хороололд, ахуйн хэрэгцээний анхан шатны дэд бүтэцгүй нөхцөлд амьдардаг. Энэ нь дэлхийн хамгийн урт халаалтын улиралтай Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь дулаан хангамжгүй байна гэсэн үг юм. Хот төлөвлөлтын бодлого алдагдаж, нийтийн хэрэгцээнд зориулсан дэд бүтэц, барилга байгууламж барих орон зайн хомсдол үүсэж, баригдсан барилгууд хэтэрхий эмх замбараагүй байгаа нь өнөөдөр Монгол Улсыг хот төлөвлөлтийн бодлого хийгээд хүн амын ая тухтай амьдрах орчныг эргэн харахаас өөр аргагүйд хүргэж буй.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг тэнцвэртэй хөгжүүлэх бодлого тусгагдсан бөгөөд энэ хүрээнд нийслэлд Сэлбэ, Баянхошуу, Дэнжийн 1000, Толгойт, Дамбадаржаа, Шархад гэсэн зургаан дэд төвийг байгуулахаар тусгасан байдаг. Хөтөлбөрийн суурь судалгаа болон үндсэн бодлого 2009 оноос эхлэн боловсруулагдсан бөгөөд УИХ санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2013 оны 12 дугаар сард баталж, инженерийн дэд бүтцийн ажлыг есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
Тус төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Дэнжийн 1000, Толгойт, Дамбадаржаа гэсэн зургаан дэд төв бий болгож, инженерийн суурь дэд бүтэц, нийгмийн барилга байгууламж барих ажлын суурь тавигдаад байна. Өчигдөр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийнхан Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд барьсан дэд бүтцийн шугам сүлжээнд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийн тогтвортой хөгжлийг тодорхойлох зорилгоор “Гэр хорооллын сэргэлт – СЭЛБЭ ДЭД ТӨВ” хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, Азийн хөгжлийн банкны Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг, Төслийн зохицуулагч Д.Авирмэд, төслийн зөвлөх багийн хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд болон барилгын салбарын 200 гаруй төлөөлөл оролцож, томоохон хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн үеэр Сэлбэ дэд төв төслийн хүрээнд байгуулж, ашиглалтад оруулсан инженерийн дэд бүтцийн шугам сүлжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын танилцуулга хийгдэж, шинээр хийх бүтээн байгуулалтын төсөл, энэхүү төслүүдэд гэр хорооллын залуусын оролцоог нэмэгдүүлэх асуудлууд хөндөгдлөө. Мөн Сэлбэ дэд төвийг орон сууцжуулахад төр, хувийн хэвшлийн түншлэл зарчмаар барилгын салбарын төлөөллүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар танилцуулж, цаашид олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудаас барилгын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлууд яригдсан юм.
Өнөөдөр Улаанбаатар хотын гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын яндангийн утаа, сул шороо бүрдүүлж буй. Нийслэлийн хэмжээнд 100 мянга гаруй нүхэн жорлон байгаа нь хөрсний болон гүний усыг халдварт нянгаар бохирдуулах эрсдэлт нөхцөлийг бий болгохоос гадна гэр хороололд амьдардаг нэг хүнд хоногт 5-10 литр ундны ус оногдож байгаа нь орон сууцанд амьдардаг нэг хүний хэрэглээнээс 25-50 дахин бага байгаа. Мөн гэр хорооллын иргэд төр, нийгмийн үйлчилгээ авах, ажлын байртай болох, бизнес эрхлэх зэрэг орчин хязгаарлагдмал байгаа нь Улаанбаатар хотын өмнө “Нэг төвөөс задарч, олон төвтэй хот болох” шаардлага тулгарч буй.
Хотын төвлөрлийг сааруулах зорилготой эхэлсэн тус төслийн I шатны ажил буюу Сэлбэ, Баянхошуу төвийн бүтээн байгуулалт хийгдэж дууссан. Сэлбэ дэд төвд 12,000 айлын орон сууц барих инженерийн дэд бүтэц бэлэн болжээ. Төвийг цааш өргөжүүлэн тэлэхийн тулд 158 га газар чөлөөлөхөөр төлөвлөсөн бөгөөд НЗДТГ-ынхан газар чөлөөлөлтөд 380.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох төлөвлөгөөтэй байгаа гэдгээ танилцуулж байна. Мөн Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт ч дууссан бөгөөд 162 га газрыг хамрах тус дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 24, 28, 40 дүгээр хорооны 3000 айлын газрыг чөлөөлж 40 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна.
Төслийн II болон III үе шатны хүрээнд Дамбадаржаа болон Дэнжийн 1000 дэд төвийг хөгжүүлэх ажил 56 хувьтай өрнөж буй аж. Дамбадаржаа төв 70.7 га газрыг хамран хэрэгжиж буй дэд төвийг даган бие даасан дулааны эх үүсвэр, дулааны шугам, УДДТ, РП, ХТП, 1000м3 усан сан, насос станц, цэвэр усны шугам, бохир усны шугам, цахилгааны эх үүсвэр, цахилгааны шугам, авто зам, гүүрэн байгууламж, үерийн хамгаалалтын суваг, хөрсний ус зайлуулах шугмын бүтээн байгуулалт өрнөж байгаа бол Дэнжийн 1000 дэд төв 131.5 га газрыг хамрах бөгөөд Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хороонд 4700 орон сууц барихаар төлөвлөгджээ.
Төслийн III үе шат болох Толгойлт дэд төвийн хувьд 138 га газрыг чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 22, 34, 35 хороог хамран 5200 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд бүтээн байгуулалтын ажил одоогоор 26 хувьтай явагдаж байна. Шархад дэд төвийн хувьд зураг төсөл нь хийгдсэн, санхүүжилт хүлээгдсэн байдалтай байгаа аж. Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалты дэмжих хөтөлбөр, төслийнхөн 2021-2022 онд Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бий болгоход залуусын оролцоог дэмжих нь төслийг хэрэгжүүлжээ. Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн суурин төлөөлөгч удирдан явуулсан төслийн багийнхан дэд бүтцийн хөгжилд гэр хороололд амьдардаг залуучуудыг хамруулж, тэдний дуу хоолойг сонсох судалгааы ажил явуулжээ. НҮБ болон олон улсын байгууллагууд залуучуудын сэтгэлгээ, санаа бодлыг хот төлөвлөлтийн бодлогод тусгахыг чухалдаг тул төслийн багийнхан залуучуудаас дизайн, засаглал, шинэлэг сэтгэлгээ, инновацилаг санаа гаргаж ирэх сургалт, сорилтыг зохион байгуулж, дэд төслийн хүрээнд багтаасан гэдгээ дуулгаж байлаа.