Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 132 мянган тонн хагас коксожсон нүүрс импортолж, 2023-2024 оны арванхоёрдугаар сараас нэгдүгээр сард нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхээр төлөвлөж байсан боловч нээлттэй сонгон шалгаруулалт удааширснаар цаг хугацааны хувьд боломжгүй болоод буй.
Мөн 31,9 тэрбум төгрөгөөр 24,5 мянган тонн хагас кокс болон асаагч худалдан авч Улаанбаатар хотын Хан-Уул, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд нийлүүлэхээр төлөвлөн худалдан авах нээлттэй тендер зарласан ч НЗД-ын хөтөлбөрийн хүрээнд гаргах үнэт цаасыг олон нийтэд санал болгох хугацаа тодорхойгүй болсноор 2023-2024 оны халаалтын улиралд хагас кокосжсон шахмал түлш хэрэглэх боломжгүй болоод байна.
Лабораторийн шинжилгээний дүнгээр хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээ мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72,6%, хүхэрлэг хийн хэмжээ 85,5%, угаарын хийн хэмжээ 10,8%, азотын исэл 23,5%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэв.
Мөн тэрбээр Багануурын нүүрс түлж байсан үетэй харьцуулахад утаа 60-70 хувь бууруулсан. Улс төржүүлмээргүй байна. Дэлхийн улс орнуудын жишгийг дагаж гаргасан шийдвэрүүд байгаа гэсэн үг. Хамгийн богино хугацаанд түлшээ сайжруулах, дунд болон урт хугацаанд бүх айлыг орон сууцжуулах, чадвал бүгдийг нь хийн түлшинд шилжүүлэх байдлаар л утааг бүрэн ялах байх. Ийм л шийдэл, замыг бүх улс орон туулж өнгөрсөн юм байна. Монгол Улсын хувьд яг энэ замаар явчихвал яасан юм бэ гэсэн бодол, саналтай байгаа гэж УИХ-ын гишүүдэд танилцууллаа.