Мягмар гарагт Дэлхийн Оросуудын Ассамблей нэртэй арга хэмжээнд видеогоор оролцож, үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсыг задлан хуваах зорилготой байгаа Өрнөдийн эрх баригчдыг шүүмжилжээ. “Үнэндээ Орос шиг том, олон үндэстний улс Өрнөдийнхөнд хэрэггүй. Бидний соёл, уламжлал, хэл, угсаатны олон талт байдал, нэгдмэл байдал нь Өрнөдийнхний арьс өнгөөр ялгаварлагчид, колоничлогчдын логик, дарангуйлал, мөлжлөгийн тогтолцоонд тохирохгүй байгаа юм” гэж Путин хэлсэн байна.
Тэрбээр цааш нь ярихдаа “Тиймээс тэд Оросыг олон үндэстнүүдийн шорон, Оросууд өөрсдөө боол үндэстэн гэж ярьдаг хуучны улиг болсон үлгэрээ дахин ашиглаж байна. Бид үүнийг олон зууны турш олон удаа сонссон. Тэд Оросын колоничлолыг задлах ёстой гэдэг. Бодит байдал дээр тэд юуг хүсээд байна вэ? Үнэндээ тэд Оросыг задалж, дээрэмдэхийг хүсэж байна. Тэд үүнийгээ хүчээр хэрэгжүүлж чадахгүй байгаа тул дотроос нь хагалахыг зорьж байна. Үндэстэн хоорондын болон шашин хоорондын мөргөлдөөн үүсгэх зорилготой гадаадын аливаа оролдлогыг бид Оросын эсрэг террорист, экстремист ажиллагаа гэж үзэх болно.
Бид үүнд зохих хариуг нь өгөх болно” гэжээ. Путин энэ үеэр бас Оросын эсрэг үзэл, нео Нацизмыг Өрнөдийн элитүүд албан ёсны үзэл суртлаа болгосныг шүүмжилсэн байна. “Өнөөдөр Руссофоб, нео Нацизм, бусад хэлбэрийн ялгаварлан гадуурхах үзэл нь Өрнөдийн элит хэсгийн албан ёсны үзэл суртал болоод байна. Ийм бодлого зөвхөн Оросуудыг биш, бас Татарууд, Чеченүүд, Аварууд, Тувачууд, Башкирууд, Буриадууд, Якутууд, Оссетинчүүд, Жүүдүүд, Ингушууд, Маричууд, Алтайчууд зэрэг Оросын бүх үндэстэн угсаатнуудад чиглэж байна. Манайд маш олон үндэстэн угсаатан бий. Би бүгдийг нь нэрлээгүй ч ийм үзэл суртал Оросын бүх ард түмэнд чиглэж байгааг хэлмээр байна” гэжээ.
Эх сурвалж: ТАСС