Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 318 дугаар “Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” тогтоолоор аймгийн тев болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд хоёр тариф тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг 50%-аар хөнгөлж байгаа. Хэрэглэгчдээс ирүүлж буй санал гомдлыг хүлээн авах зорилгоор Хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байгаа аж.
Тус төвөөс долоон дүүргийн гэр хорооллын 182 100 өрхөөс зуухны нөхцөл байдлын судалгаа авахад 127 108 өрх нь чанарын стандарт шаардлага хангахгүй, битүүмж алдагдсан зуухтай байгаа нь иргэд угаарын хийн хордлогод өртөх гол шалтгаан болжээ.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд улсын болон орон нутгийн төсвөөс “Тавантолгой түлш” ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон БОАЖЯ-наас нийт 823,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд 236,9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 586,7 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааны зардалд тус тус зарцуулсан байна.
Нийслэлийн төсвөөс сайжруулсан шахмал түлшний тээвэр, борлуулалтын урамшуулал, түлшний хадгалалтын зардал болон хяналт шалгалтын зардалд 2019 онд 14 тэрбум, 2020 онд 15,4 тэрбум, 2021 онд 26,9 тэрбум, 2022 онд 28,8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн бүрэн автоматжуулсан бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, түлшний чанарыг сайжруулах замаар үр ашгийг дээшлүүлэхэд Эрчим хүчний яам анхаарч ажиллаж байгаа юм байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг өргөтгөн шинэчилж, хоёр шугамын хүчин чадлыг 50 тонн цагт хүргэснээр нэг тонн шахмал түлшний өртөг 36 100 төгрөгөөр буурч, үйлдвэрлэлийн зардал 8,6 хувиар буурна. Цаашид шахмал түлшний түүхий эдийг солих, хагас коксожсон түүхий эдэд шилжих нь агаарын бохирдлыг бууруулах дараагийн арга хэмжээ болно гэж салбарын сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдэв.