Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа

Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.

Тэгвэл энэ удаа Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Партизаны гудамжийг тухайн газар үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг хангасан анхны “Ногоон гудамж” бий болгох дэд төслийг боловсруулж, хэрэгжүүллээ.

Тус гудамж нийт 4.2 га талбайг хамардаг бөгөөд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Прокурорын газар, 11 дүгээр сургууль, Нэгдүгээр цэцэрлэг зэрэг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн 15 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Энэ гудамжинд нийт 18 теле хяналтын камер байсан боловч долоо нь ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй байсан. Иймээс эдгээр камерыг дэд төслийн хүрээнд шаардлага хангуулж, шинээр 26 теле хяналтын камер суурилуулж, үйл ажиллагааг жигдрүүллээ. Ингэснээр энэ гудамжинд нийт 44 теле хяналтын камер ажиллаж байна.

Эдгээр теле камер бүрэн ажиллаж эхэлснээр ерөнхий боловсролын сургуулийн 760, цэцэрлэгийн 640, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр өдөрт үйлчлүүлж байгаа хоёр мянга орчим иргэний аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *