Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Фү Зыинтэй уулзлаа.
Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Монгол, Хятадын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг дурдав. Мөн хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэж байгаа нь хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлж байгааг онцолсон юм.
Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа нэг шатаар ахисны тод жишээ бол Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-гийн 2022 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал гэв.
Фү Зыин хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, тасралтүй үргэлжлэх найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлж, манай хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын давтамж нэмэгдэхийн зэрэгцээ манай хоёр улсын харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байна гэжээ.
Б.Энх-Амгалан парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БХАТИХ-ын Гадаад хэргийн хороо, УИХ-ын Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр дурдсан байна. Мөн ирэх онд “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн форум”-ыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлээд тус хуралд Хятадын талаас холбогдох удирдлага болон эрдэмтэн судлаачдыг өргөнөөр оролцохыг урьлаа.