АНУ-ын гадаад бодлогын төлөөлөгч Мэттью Миллер Даваа гарагт АНУ-ын Төрийн департамент Украинд үзүүлэх тусламжийг санхүүжүүлэхийн тулд Конгресс нэмэлт санхүүжилтийг аль болох хурдан гаргах шаардлагатай гэж үзсэн тухай мэдэгджээ. Тэрбээр хэвлэлийн бага хуралд ирсэн сэтгүүлчдийн асуултад “Мэдээж хөрөнгө бараг үлдээгүйд бид санаа зовж байгаа. Одоо өмнө нь олгосон хөрөнгийн үлдэгдэл ашиглаж байна” хэмээн хэлсэн байна.
Мэттью Милле энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан болон Жо Байден болон Конгрессын танхимын удирдагчидтай ярилцсан бөгөөд Ерөнхийлөгч Байден шаардлагатай тохиолдолд энэ харилцаа холбоог үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн хэмээн мэдэгджээ. Үүний өмнө АНУ-ын засаг захиргааны удирдлага, төсвийн албаны захирал Шаланда Янг “Хэрвээ Конгресс Киевт нэмэлт санхүүжилт олгох шийдвэр гаргахгүй бол Америкийн эрх баригчид оны эцэс гэхэд Украинд туслах хөрөнгөгүй болно. Оны эцэс гэхэд Украинд зориулж шинэ зэвсэг, техник худалдан авах, АНУ-ын нөөцөөс тоног төхөөрөмж нийлүүлэх боломж хомстоно. Санхүүгийн ид шидийн нөөц гэж байхгүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд бидэнд мөнгө алга, цаг ч алга” гэж конгрессын удирдагчдад илгээсэн захидалдаа дурдаж байсан юм.
Янгийн хэлснээр, Пентагон Украинд туслахад хуваарилсан 62.3 тэрбум ам.долларын 97 хувийг зарцуулсан бөгөөд Төрийн департамент эдийн засгийн тусламж, хүмүүнлэгийн тусламж зэрэг 4.7 тэрбум долларыг ч зарцуулаад дуусчээ.
Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд нэг жилийн хугацаанд 61,4 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээс гадна Израилийн батлан хамгаалахыг бэхжүүлэхэд зориулж 14,3 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэх хүсэлтийг Конгресст илгээж байв. Үүнээс гадна Байден АНУ-Мексикийн хилийн хамгаалалтад 13.6 тэрбум доллар, үндэсний аюулгүй байдлын бусад тэргүүлэх чиглэлд 7.4 тэрбум доллар шаардаж байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Конгрессоос нийтдээ 106.7 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгохыг хүсэж байв.