Хийн буу гаргаж танхайрсан этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 28.432 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 111 хэргийг хүргүүлжээ.

Үүнээс:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг хоёр
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 47
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг нэг
  • Өмчлөх эрхийн эсрэг 44
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хоёр
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг ес
  • Бусад хоёр хэрэг байна.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “А”, “Г” нар нь 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний газрын гадна бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар мэс, хийн буу гаргаж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Түүнчлэн эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 62, сураггүй алга болсон хүн 46, шүүхээс даалгасан хүн 54, зөрчил үйлдсэн 22 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 50 иргэнд 15,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 12 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулжээ.

Эх сурвалж: ЦЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *